Энэтхэг сар судлах төхөөрөмжөө хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-07-23 09:50:18

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн “Chandrayaan-2” сар судлах төхөөрөмжийг тээсэн “GSLV Mark 3” пуужин Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас орон нутгийн цагаар даваа гарагийн 14:43-д амжилттай хөөрчээ.  


Уг төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт сар руу хөөргөх гэж байсан боловч техникийн саатлын улмаас хөөргөхөөс 56 минутын өмнө хөөргөх үйл ажиллагааг хойшлуулсан юм. Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын /ISRO/ мэргэжилтнүүдийн мэдээлснээр, “GSLV Mark 3” пуужин нь тус байгууллагын хамгийн том, хамгийн хүчтэй пуужин бөгөөд 44 метр урт /15 давхар барилгын өндөртэй ойролцоо/ ажээ.


Сарны хөлөг хэмээх утгатай "Chandrayaan-2" төхөөрөмж саран дээр ирэх есдүгээр сарын 7-нд газардах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү даалгавар амжилттай болсон тохиолдолд Энэтхэг улс нь АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болох юм. 

Холбоотой мэдээ