Ираны командлагч Сирид амиа алджээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-04-04 13:30:47

ИСТАНБУЛ. /Anadolu/. Ираны Зэвсэгт хүчний командлагч өчигдөр Сирид амиа алдлаа гэж тус улсын "Tasnim" агентлаг мэдээллээ.

Агентлагийн мэдээлснээр, Ираны Хувьсгалт гвардын командлагч Машаллах Шамса Сирид амиа алдсан бөгөөд түүний цогцсыг төрсөн нутаг нь болох Брукерд хотод авчирсан байна.

Шамса Сирийн хаана, хэрхэн амиа алдсан тухай агентлаг мэдээлэлдээ дурдаагүй ажээ.

Ираны Хувьсгалт гвард Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг үзүүлэхээр Ливаны "Хезболла" бүлэглэлтэй хамтран Сири дэх мөргөлдөөнд оролцож байгаа хэдий ч уг мөргөлдөөнд цэргийн оролцоо байхгүй гэж Иран няцаадаг билээ.

Асадыг дэмжигч хүчнүүд, тухайлбал, "Хезболла" бүлэглэл болон сөрөг хүчин хоорондын мөргөлдөөн эхэлснээс буюу 2011 оны эхэн үеэс хойш Сирид 230 мянга хүн амиа алдаад байна гэж НҮБ мэдээлжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ