Баярын өдрүүдэд 38 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-17 10:54:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны үеэр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/, Цагдаагийн газар болон ОБГ-аас баяр наадмын өдрүүдэд ирсэн дуудлага, мэдээллийн талаар танилцуулав.

Баярын өдрүүдэд БОЭТ-ийн түргэн тусламжийн утсанд 480 орчим дуудлага ирсэнээс 336 нь насанд хүрсэн, 40 нь хүүхдийн дуудлага байжээ.  “Хүлээн авах”-аар 642 хүн үйлчлүүлснээс 105 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Хүүхдийн хүлээн авахад 670 гаруй хүүхэд хандаж зөвлөгөө авсан бол 28 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн талаар БОЭТ-өөс  мэдээллээ.

Харин “Гэмтлийн хүлээн авах”-аар 134 хүн үйлчлүүлсэн аж. Мөн дээрх өдрүүдэд 38 эх амаржсанаас гэрийн төрөлт нэг бүртгэгдсэн байна.

Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар  баярын өдрүүдээр 256 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас  найм нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байсан талаар тус газрын дарга ярилаа.

Дээрх найман мэдээллээс хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг хоёр, хулгайлах хоёр, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн нэг, мансууруулах бодис хэрэглэх, хадгалах нэг, сураггүй алга болсон тохиолдолд нэг тус тус гарсан байна.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 зөрчил илэрч 47 хүн эрүүлжүүлэгджээ. Дээрх өдрүүдэд хотын хэмжээнд гал түймрийн дуудлага ирээгүй байна.

 

Холбоотой мэдээ