Шагайн харваанд УБТЗ-ын баг аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-07-12 17:27:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваан түрүү байрыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Л.Болд ахлагчтай баг авч, алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранзаар ахлуулсан  “АПУ” компанийн баг хүртлээ.



Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг Үндэсний их баяр наадмын шагайн тэмцээнд дөрөв дэх түрүүгээ авч байна. Өмнө нь Үндэсний их баяр наадмаар 2007, 2008, 2009 онд түрүүлж байсан юм. Нийтдээ наадамд гурван удаа хоёрдугаар байр, хоёр удаа гуравдугаар байр эзэлж 10 жилийн дараа дахин түрүүгээ авч байна.


Энэ удаагийн наадмын шагайн харвааны тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай багийн хувьд харьцангуй залуу харваачидтай, ихэнх нь Архангай аймгаас гаралтай харваачидтай юм. Саяхан тус багаас Улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан юм. Гурван өдөр үргэлжилсэн шагайн харваан тэмцээний шилдэг найман баг:

  • УБТЗ-ын Л.Болд ахлагчтай “УБТЗ” баг
  • АПУ ХХК-ийн С.Ямааранз ахлагчтай “АПУ-Алдар” баг
  • Өмнөговь амгийн Б.Түвшинбаяр ахлагчтай “Өмнөговь” баг
  • Төв аймгийн Ц.Энхбат ахлагчтай “Хийморь” баг
  • Дорноговь аймгийн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ёроо гол ХХК” баг
  • Баянхонгор аймгийн Э.Машбат ахлагчтай “Харч-Өөл” баг
  • Өвөрхангай аймгийн Л.Ганбат ахлагчтай “Алтай-Аргай” баг
  • Дорноговь аймгийн Л.Алтангэрэл ахлагчтай “ЗДТГ” баг тус тус шалгаран байр эзэлсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ