Ахмадын шагайн харваанд Хэнтий аймгийн баг тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын шагайн харваанд энэ удаа ахмад харваачид тусдаа баг болон оролцож тоглосноос Улсын мэргэн Ж.Бүхнээ ахлагчтай Хэнтий аймгийн “Ханхэнтий” баг тэргүүллээ.
Тус багийнхан долоон удаа тоглож, завсаргүй дараалан хожиж ийнхүү түрүү байр хүртлээ. Энэ жилийн баяр наадмын шагай харваанд ахмадын 12 баг оролцсон юм. Үүнээс дэд байрт Сэлэнгэ аймгийн Д.Пүрэв ахлагчтай баг, хүрэл медаль буюу гуравдугаар байрт Дорноговь аймгийн Ч.Гомбо ахлагчтай баг, дөрөвдүгээр байрт Дундговь аймгийн Г.Тулга ахлагчтай баг тус тус шалгарав.
Шагайн харваан ахмадын
багт ганц эмэгтэй харваач байсан нь Дундговь аймгийн Д.Эрдэнэцэцэг байлаа. Өнгөрсөн
онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан түүний баг энэ
жилийн наадмаар тусгай байрын шагнал авсан юм.
Яг одоо Төв
цэнгэлдэх хүрээлэн дэх шагайн асарт үндсэн
багуудын шагайн харваан шигшээ тоглолт болж, үзүүр түрүүгээ
шалгаруулах гэж байна. Шагайн харваан шигшээ тоглолтод “УБТЗ” ХНН-ийн болон “АПУ” компанийн баг тунаж, үзүүр, түрүүгээ үзэж байна.
Үндэсний их баяр наадмын шагайн харваан насанд хүрэгчдийн
84 баг оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ