И.Данель: Монголчуудыг онгон байгаль, соёлоо хадгалж хамгаалж явахыг хүсэж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2019-07-12 12:44:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадмаар манай улсад хамгийн их буюу нэг дор 100 гаруй мянган жуулчин ирдэг байна.


Баяр наадам нь гадаадынханд Монгол орны өв соёл, урлаг, ахуй байдал, хөгжлийг зэрэг харуулах боломж олгодгийг жуулчид хэлж байна. Бид энэ жилийн баяр наадмаар ирсэн зарим жуулчны сэтгэгдлийг хүргэж байна.

Герман улсын Берлин хотоос ирсэн Ш.Катрин, “Монголын наадмыг анх удаа сонирхон ирж үзлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Нүүдэлчин ардын амьдрал их өвөрмөц санагдлаа. Уржигдар болж өндөрлөсөн “Дээлтэй Монгол" наадам маш их таалагдсан” гэв.



“Түүнээс юу нь таалагдсан болон Монголд яагаад ирэх болов?” гэдгийг тодруулбал тэрбээр, “Дээлтэй Монгол” наадам дээр үндэсний хувцсаараа гоёсон ард иргэдийн баярын цуваа сүр жавхаатай сэтгэл догдлуулж байсан. Би тэнд анх удаа Монголын цагаан идээ болох айраг ууж үзсэн. Гайхалтай тансаг юм билээ. Манай соёлын уламжлалт хоол хүнстэй харьцуулахад их онцлогтой, амт чанарын хувьд хурц санагдсан боловч их таалагдсан шүү. Мөн энэ монгол эмэгтэйн зурагтай хүзүүний алчуурыг “Дээлтэй Монгол” наадмаас авсан. Би Монголд найзтайгаа уулзах шалтгаанаар наадмыг зорьж ирсэн. Маргааш Монголын хөдөө тал, байгаль орныг үзэхээр төлөвлөж байна. Тэнд очоод морины уралдаан болон морь унаж үзэх бодолтой байна. Миний хувьд анх удаа Монгол оронд ирж байгаа учраас бүх зүйл сонирхолтой шинэ санагдаж байна” гэсэн юм.

Голланд улсын иргэн Томас, Илзе нартай уулзвал, “Бид Монголд айлчилж ирээд дөнгөж хоёр хонож байна. Бид анх ирж байгаа учраас юу хэлэхээ мэдэхгүй байгаа ч Монгол хүмүүс их нөхөрсөг санагдаж байна. Мөн Үндэсний хувцас нь их таалагдлаа. Бид наадмын нээлтийн үйл ажиллагаатай танилцаад маргааш хөдөөгөөр аялах бодолтой байгаа. Монголын соёл зан заншил уламжлал өвөрмөц төрхийг хөдөөгийн байгаль малчин хүмүүсээс харна гэж бодож байна” гэв.




Серби улсын иргэн И.Данель, “Хурдан морь, жаахан хүүхэд салхи татуулан давхиж ирээд түрүүлэхийг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулж би уйлсан шүү”



Мөн манай улсад бүлгээрээ ирээд буй жуулчдын төлөөлөл, ОХУ-ын иргэн К.Муринатай уулзвал, “Би Монголыг үндэсний баяраа ийм өргөн хүрээтэй тэмдэглэдэг ард түмэн гэж бодож байсангүй. Миний хувьд Наадам гэх баярын талаар ойлголтгүй байсан боловч өнөөдөр энд баярын үйл ажиллагаа, хүмүүстэй нь танилцаад их том баяр гэдгийг ойлгож авлаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Найзуудтайгаа хамт Монгол түмний баярыг үзэж байгаадаа маш их баяртай байна” гэв.



Серби улсын иргэн И.Данель, “Өнөөдөр би энд ирээд Монгол хүмүүс өөрийн соёл заншлаа ямар их хүндэтгэж байгааг олж харлаа. Энэ наадмаас олон түмний  харцнаас нь би маш их хайрыг мэдэрч байна. Монголын ард түмнээр би маш их бахархаж байна. Жишээ нь, надад хурдан морины уралдаан үзэх завшаан бас гарсан. Хурдан морь, жаахан хүүхэд салхи татуулан давхиж ирээд түрүүлэхийг хараад би өөрийн эрхгүй нулимс дуслуулж уйлсан шүү. Монголчуудыг энэхүү том соёл, зан заншил, онгон байгалиа хадгалж хамгаалж яваасай гэж хүсэж байна. гэв.

Румын улсаас ирсэн Ю.Сандра, “Монголд ирээд монголчуудын соёлын илэрхийлэл болсон наадмыг сонирхлоо. Энэ баяр бол том хэмжээний үндэсний баяр наадам юм байна. Гэр бүлийхэнтэйгээ хамт улс даяараа урт хугацаанд ингэж баярладаг баярыг өмнө нь ингэж харж байсангүй. Энэхүү наадам нь Монгол ард түмний чухал баяр гэдгийг өнөөдөр мэдэрлээ” гэсэн юм.  

Б.Болд

Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ