Дархан-Уул аймгийн баяр наадам болж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-07-11 00:08:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дархан хотыг байгуулсаны 58 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр нээлтээ хийлээ. 

Үндэсний өв, соёл, зан заншил болон найрамдлын хотыг бүтээн байгуулсан ах дүү орнуудын өнгө төрхийг илэрхийлсэн урлагийн тоглолт наадамчин олны мэлмийг баясгаж, сонорыг мялаалаа.

Урлагийн тоглолтын дараа үргэлжлүүлэн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн баяр наадамд  хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдаж байна.  Улс, аймаг, сумын цолтой бөхчүүээс улсын начин 5, аймгийн арслан 17, аймгийн заан 18, аймгийн харцага 30, аймгийн начин 27, сумын заан 68, сумын начин цолтой 55 бөх уран мэхийг уралдуулна. Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 15.00 цаг хүртэл үргэлжилж засварласан бол хоёрын даваа 11-ний өглөө эхлэх аж.

Үдээс хойш буюу 16.00 цагт цэц мэргэдийн уурхай сурын харваа эхэллээ. Энэ жилийн баяр наадмын сурын харваанд 100 орчим харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлсэн байна.

“Үндэсний сурын харваа” Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдрийн турш үргэлжилж  аваргуудаа тодруулна. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ОБГ-ын дарга С.Пүрэвсамдан болон эрхий мэргэн харваачид оролцсон юм. 
Эрийн хүч, ухааны цараагаа үзүүлэхээр Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Өвөрхангай, Завхан аймг
аас насанд хүрэгчдийн төрөлд  40 харваач, 56 хүүхэд цэц мэргэнээ сорино. Их сурын харваагаар болж байгаа энэхүү үндэсний сурын харваанд 10 спортын мастер оролцож байна

Баяр наадмын үндсэн нэг хэсэг бол Шагайн харваа. Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харваанд  11 багийн 90 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна.

Түүнчлэн 4 насны хурдан морьдын уралдаан боллоо. Тодруулбал их нас, азарга, шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан болсон бол баяр наадмын сүүлийн өдөр соёолон, дааганы уралдаан зохион байгуулах аж.

 

Холбоотой мэдээ