“Осолгүй жолооч жаргалтай гэр бүл” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:56:35

 Хөвсгөл аймагт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцуулах зорилгоор “Хөдөлгөөний соёл бидний оролцоо”, “Осолгүй жолооч жаргалтай гэр бүл” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд Цагдаагийн албан хаагчид, тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын жолооч иргэдийн төлөөлөл бүхий 360 гаруй иргэдийг оролцуулсан зөвлөлгөөн зохион байгууллаа. Энэ үеэр замын хөдөлгөөний тухай хууль тогтоомжийн шинэ заалтын тухай мэдээ, мэдээлэл зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцжээ.

Өнгөрсөн оны хувьд улсын хэмжээнд зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй боловч Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх дан ганц Цагдаагийн байгууллагын ажил бус, иргэн бүрийн оролцоо гэдгийг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл хүн бүр гэр бүлдээ хайртай гэдэг боловч хайртай хүмүүсийнхээ төлөө үргэлж хамгаалалтын бүс зүүх хэрэгтэйг ч сануулж байлаа. Цаашид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж Хөвсгөл орох зам дагуу  Булган, Орхон аймгийн постын үйл ажиллагааг сайжруулахад анхааран ажиллах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ