Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын менежментийг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-05 16:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх олон улсын “Чингис хаан” нисэх буудлыг өнөөдөр нээж, шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлэх ёслол боллоо.

Ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга О.Амарсайхан, ИНЕГ-ын удирдлага, Японы талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато, манай улсад ирээд буй Япон улсын Зам, тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлалын яамны дэд сайд Шинохара Яшихиро, Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн удирдлага, манай улсад суугаа БНХАУ, Энэтхэг улсын Элчин сайд нар, олон улсын байгууллага, иргэний нисэхийн төлөөлөл оролцлоо.


Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 28-ны хуралдаанаараа “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн нөхцөлөөр Монгол-Японы хамтарсан компаниудтай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Жапан эйрпорт менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д тус тус шилжүүллээ.

Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такаяо нар гарын үсэг зурсан юм. Уг гэрээ нь 15 жил хэрэгжих бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлыг ханган шинэ нисэх буудлын ажлыг албан ёсоор эхлүүлэх юм.

Ийнхүү менежментийг эхлүүлснээр шинэ нисэх буудал нь Ази тивдээ нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент, ноу-хау, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх юм. Ингэснээр нислэгийн урсгал, зорчигчид нэмэгдэн далайд гарцгүй манай улсын хувьд олон улстай холбогдох, цаашлаад аялал жуулчлал хөгжих чухал ач холбогдолтойг нээлтэд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.

Тэрээр, “Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх менежментийн концессын гэрээг байгуулж буй нь манай иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих Япон улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг Монгол Улсад нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтой”-г цохин тэмдэглэж, Монгол Японы талуудын харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудасны эхлэл болж байна” гэлээ.




Гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон Япон улсын Элчин сайд Такаока Масато хэлэхдээ “Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр энэхүү нисэх онгоцны төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулахад Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллалаа” хэмээн тэмдэглэж, энд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчин чармайлт тавьж ажилласанд талархал илэрхийлэв.

Шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлэх үеэр, тус буудал руу хүрэх 35 км хурдны замыг өнөөдөр мөн нээсэн юм. Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон энэхүү автозамыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж ийнхүү ашиглалтад орууллаа. Энэ нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, хоёр урсгал зургаан эгнээ бүхий 31 м өргөн, хатуу хучилттай,  олон улсын стандартад нийцсэн хурдны автозам юм.





Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон агаарын тээвэрлэгчдийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцсон юм. Энэ үеэр аэродромын болон газрын үйлчилгээний машин механизм цуваагаар явж танилцуулсан юм.

Нисэх буудлын нээлтийн үеэр шинэ нисэх буудлын анхны нислэгийг “МИАТ” ХК-ийн С.Амарсайхан даргатай “В737-800 агаарын хөлөг гүйцэтгэсэн юм. Тэрээр нислэг амжилттай болсон талаар рапорт өгсний дараа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус багийн хамт олонд баяр хүргэлээ. Үүний өмнө шинэ нисэх буудлын шалгах нислэгийг мөн “МИАТ” ХК-ийн “В737-800 агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 25-нд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг шалгасан байна.




Тодруулга: Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтыг товч дурдвал, 2006 онд тус буудлын ТЭЗҮ-г боловсруулан нэгдсэн тайланг гаргаж, 2008 онд төслийн зээлийн хэлэлцээрийг хийж гэрээ байгуулсан юм. Улмаар 2009-2011 онд буудлын барилгын зураг төслийг боловсруулан баталгаажуулж, 2012 онд төслийн барилгын ажлыг гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлан 2013 онд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан юм. 2013-2017 онд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн, өнгөрсөн онд чанарын баталгаажуулалтыг хийж, энэ онд ийнхүү Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлж байна.

Шинэ нисэх буудлын төслийг хэрэгжүүлэгчээр Японы талаас тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, гүйцэтгэгчээр “Мицүбиши-Чиёода” компаниудын түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани тус тус ажилласан юм. Монголын талаас Сангийн яам, ЗТХЯ, ИНЕГ ажиллалаа. Нисэх буудлыг барих төслийн барилга угсралтын ажлын гэрээний дүн 49.5 тэрбум иен, нэмэлт ажлуудад 5.9 тэрбум иений хөрөнгө оруулалт хийжээ. Шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч, 2200 агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай юм.

Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ