Монголын улаан загалмай нийгэмлэгийг Алтан гадас одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-05 16:23:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд өнөөдөр боллоо.


Уг ойг тохиолдуулан тус нийгэмлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, үг хэллээ. Тэрбээр, "Хүмүүнлэг үйлсийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, энх тайвныг дэмжих, гамшгийн аюулд өртсөн иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалах, эмзэг байдлыг бууруулахын төлөө тууштай, идэвхтэй ажилладаг олон улсын Улаан Загалмайчдад талархал, хүндэтгэл илэрхийлж байна. “Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай” хуулийг 2016 онд Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан. Энэ хуулиар Монголын улаан загалмай нийгэмлэгийн статусыг Үндэсний хүмүүнлэгийн байгууллага болгон хуульчилж, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг нь тодорхойлсон юм. Хууль баталснаас хойших хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа сайжирч, гамшгийн үед хариу авах арга хэмжээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүмүүнлэгийн үйлсээрээ улс орны эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт 80 жилийн турш онцгой хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа баяртай байна. Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр илүү өргөн хүрээтэй ажиллана гэдэгт итгэж байна" гэв.

Холбоотой мэдээ