Гулам Низамани: Монголын Засгийн газар сайн жишиг тогтоож чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-04 21:29:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо чуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс амжилттай өндөрлөсөн талаар өнөөдөр мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болсон олон улсын энэхүү чуулганд бүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 700 шахам төлөөлөгч оролцож “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриан дор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх хандлагаар тэдний тогтвортой, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр хоёр өдөр хуралдсан юм.

Хэвлэлийн бага хуралд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Конгресст бэлтгэх техникийн ажлын хэсгийн ахлагч Г.Өнөрбаяр, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нар оролцов.

Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, “Леонард Чешир” сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөр эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нарын Олон улсын зохион байгуулах хорооны гишүүд оролцож сэтгэгдлээ хуваалцлаа.


“Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй болгоход чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан болж нийт 85 илтгэл хэлэлцэж, улс орнууд өөр өөрийн сайн туршлагыг хуваалцсан юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний дарга Гулам Наби Низамани, конгрессын зохион байгуулалтыг оролцогчид өндрөөр үнэлж байсныг дурдаад, “Монгол Улс төр, засгийн хэмжээнд анхаарал хандуулан Ерөнхий сайдынхаа ивээл дор зохион байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоолоо” хэмээн онцолсон юм.



Тэрбээр, “Конгрессыг Монголд зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх танай улсын иргэдийн  ойлголт улам сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ том үр дүн. Дэлхийн бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна гэдгийг ойлгож, харилцан суралцсан сайхан боломж байлаа” гэсэн юм. 

Энэ удаагийн Улаанбаатарын IV конгрессоор хэлэлцсэн асуудлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг болж буй юм. Дараагийн V конгрессыг Камбож улсад 2023 онд зохион байгуулахаар тогтлоо.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ