Цаатан фестивальд БНСУ-ын Тэжон хотын уран бүтээлчид оролцоно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-04 13:55:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нутгийнхаа аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.

Тус аймаг БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "Healing Art Festival" урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төрийн байгууллага болон уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 дахь жилдээ оролцсон юм. 

Харин Со-гу дүүргийн уран бүтээлчид Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж Цаатан фестивальд уран бүтээлээ толилуулахаар болжээ. Ийнхүү тус наадамд БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүргийн 10 гаруй уран бүтээлчид, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, нутгийн иргэд оролцоно.

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болох цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна.  Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох бөгөөд захиалгаа 8811-8548 утсаар өгөх боломжтой. 

 

 

Холбоотой мэдээ