Пара жүдоч А.Мөнхбат АНУ-ын Форт-Уэйн хотноо алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-04 12:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Форт-Уэйн хотноо болж буй Дэлхийн хараагүйчүүдийн II наадамд 70 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд пара жүдоч А.Мөнхбат алтан медаль хүртжээ.


Олимпын оноо олгох тус тэмцээний пара жүдо бөхийн барилдаанууд өчигдрөөс эхэлж, медалийн эзэд ийнхүү тодорч эхэллээ. Монголын паралимпын хорооны пара жүдо бөхийн зургаан тамирчин дасгалжуулагч Д.Нарантуяа, Б.Төрмөнх нарын удирдлага дор оролцож байгаа юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан А.Мөнхбат /В3 ангилал/ Испани, АНУ, Украины тамирчдыг дараалан ялж жиндээ түрүүлсэн байна. Энэ жинд барилдсан Г.Чулуунсүх Казахстаны Турумбетов Азаматад ялагдан тэмцээнээ дуусгажээ.


Мөн 60 кг-д барилдсан С.Ядамдорж /В3/ шагналт 7 дугаар байр эзэлсэн бол, 73 кг-д Э.Даваадагва барилдаж ялагдсан байна. Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар барилдана.

Холбоотой мэдээ