Тэшиг суманд “Эв мод”, “Бага алтаргана” наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-04 09:07:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг суманд хөрш орны ард түмний “Эв мод”, буриад зоны “Бага алтаргана” наадам боллоо.

          Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ОХУ-ын Буриад Улсын Закамень аймгийн дарга С.В.Гонжитов нар эв мод нийлүүлэн уламжлалт ёс заншил үйлдлээ. Эв модны наадмыг 1774 оноос эхлэн Монгол, Оросын хилийн харуулууд “Хоёр орны хил хязгаар тайван, найрамдал орштугай” хэмээн бичсэн модыг нийлүүлж наадам хийдэг уламжлал тогтжээ.

          Одоогоос 25 жилийн өмнө Хэнтий аймгийн Дадал суманд буриад дууны “Алтаргана” наадам зохион байгуулж эхэлснээс улбаатай “Бага алтаргана” наадмыг энэ жил тус суманд зохион байгууллаа. “Их алтаргана” наадмыг хоёр жилд нэг удаа зохиодог бөгөөд өнжсөн жилд нь бага наадам хийдэг юм байна.

          Энэ жилийн “Бага алтаргана” наадамд Булган аймгийн Тэшиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Дорнод аймгийн Баяндун, Хэнтий аймгийн Дадал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Орхон аймаг, ОХУ-ын Буриад улсын Закамень аймаг, Улаан-Үд хот, Монголын буриадын төв холбооны төлөөлөгчид оролцлоо.

          “Бага алтаргана” наадмын буриад бөхийн +75 кг-ын жинд аймгийн заан О.Мөнх-Ирээдүй, -75 кг-ын жинд Б.Батсүх нар түрүүлж, үнэмлэхүй аваргаар О.Мөнх-Ирээдүй шалгарлаа.

          Буриад сурын харваанд эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, буриад сурын спортын мастер М.Одмандах, эмэгтэй харваачдаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харваач Ю.Мөнхчимэг түрүүллээ.

Мөн буриад дууны уралдаан, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, “Буриадаараа хөөрөлдье” аман зохиолын уралдаан, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Холбоотой мэдээ