Ч.Наранцэцэг: Хүн сайхан амьдралыг өөрөө л бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн суманд эхнэр, нөхөр хоёулаа “Улсын аварга” болсон нэгэн малчных байдаг. Улсын аварга малчин Ж.Одонпүрэвийнх гэхээр Дундговийнхон андахгүй. Түүний эхнэр “Улсын аварга саальчин” Ч.Наранцэцэг. Нэг өрхийн хоёр багана болсон эхнэр, нөхөр хаоёулаа “Улсын аварга” болох нь Монгол Улсад ховор тохиолдол. Энэ удаа Улсын аварга саальчин Ч.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Та энэ жил “Улсын аварга саальчин” хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Өнгөрсөн жил таны хань “Улсын аварга малчин” болсон. Нэг гэрээс Улсын хоёр аварга төрөн гарах нь ховор тохиол. Тиймээс та хоёрт баяр хүргэе. Энэ сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Харин нэг айлаас эхнэр, нөхөр
хоёулаа Улсын аварга болох тохиолдол
цөөн байдаг гэсэн. Энэ бол аав ээж, үр хүүхдүүд, нутаг усны маань буян хишиг
шүү дээ. Тэр буяныг хөдөлмөр, зүтгэлээрээ чимж, нутгийнхаа зон олон, орж гарсан
хэн бүхэнтэй хуваалцаж, сайхан сэтгэлээр амьдарч байгаагийн л шагнал байх гэж
боддог.
Би 1984 онд ханьтайгаа гэр бүл
болж, энэ нутагт ирж суурьшсанаас хойш одоо 30 гаруй жил мал маллаж байна.
Малын буян их шүү дээ. Мал малладаггүй байсан бол юунд л бид хоёр хоёулаа ийм
сайхан алдар хүндийг хүртэж, магтагдах билээ. Тийм болохоор малчин гэдэг энэ
нэрэндээ би маш их хайртай, малчин болсноороо ч бахархдаг шүү.
Одонпүрэв бид хоёрын амжилт гэдэг
чинь ээж аав, миний үр хүүхдүүдийн буян, энэ ач, зээ нар, нутаг орны минь их
буян гэж эгч нь их залбирч, шүтэж явдаг хүн дээ.
-Та тэгэхээр өөр нутгийн хүн байх нь, аль нутгийн хүн байна, анх малчин
болсон түүхээсээ хуучлахгүй юу?
-Миний аав Говь-Угтаал сумын Ажирхай
багийн малчин. Би чинь хар багаасаа л малчин айлын охин байгаа юм. Тэгээд л
ханьтайгаа сууж, энэ нутагт ирэхэд нөхөр маань нэгдлийн адуучин байсан. Түүний
ах ч мөн адил адуу малладаг байлаа. Тэгээд би тэр үед хоёр адуучны саальчин
хийдэг байлаа шүү дээ.
Тухайн үед айраг, цагаан идээний
норм өгдөг, жилдээ хоёр айлын 16 орчим тонн айраг бэлтгэдэг байлаа. Тэгж л анх
саальчин болсон доо. Хүний сурсан юм гэдэг чинь ерөөсөө л хөрөнгө юм билээ. Аав
ээжийнхээ буянд багаасаа л мал маллаж, ямаа мал, гүү сааж явсан маань айлын бэр
болсон хойно намайг ингээд авч явна даа.
Зах зээлд орсноос хойш 30 гаруй жил
цагаан идээгээ хийж, зарж борлуулж байна. Манай аймгийнхан бол манай айргийг
андахгүй ээ. Өдөртөө 200 гаруй литр айраг гарна. Манай айраг олон жил аймаг,
улсын брэнд болж байсан.
Хүү маань өнөөдөр Мянгат малчин
болсон. Бид хоёрыг дагаад л малаа маллаж, цагаан идээгээ боловсруулж сурсан даа.
-Малч удмыг үр хүүхдүүддээ өвлүүлж явна гэдэг сайхан шүү. Аав, ээж нь
малчин болохоор үр хүүхдүүд нь малд хайртай, малчин болох хүсэлтэй байсан байх
даа?
-Манай гурван хүү мал дээр гарсан. Малын
буян маш их. Хоёр хүү маань айл болоод, мал маллаад бас нэлээд хэдэн жил
болчихлоо. Бага хүү О.Чинбадрахыгаа мал дээр гаргасан. Тэр хүү маань малчин
болоод бид хоёрыг хоёуланг “Улсын аварга” гэдэг энэ цолонд хүргэлээ. 2018 онд хань
маань “Улсын аварга” малчин болсон. Би энэ жил “Улсын аварга саальчин”
боллоо.
Манайх өдөрт бараг 40 кг ааруул хийж
байна. Ер нь бол тэр их хүнд ажил. Үхрээ саана, гүүгээ саана. Нийлээд 400 гаруй
ямаа саадаг. Ажил гүйцэгдэхгүй шүү дээ. Ямаа, малаа саана, түлш түлээгээ
бэлтгэнэ, сүү саалиа боловсруулна гээд л, хөдөөний ажил маш их.
-Энэ их ажлыг та бүхэн яаж амжуулж байна? Танайх туслах малчин, саальчин
авч ажиллуулдаг уу?
-Хөдөөний ажил үнэхээр
гүйцэгддэггүй. Тэр болгонд хүн болгон л өөр өөрийн үүрэгтэй оролцдог юм. Завтай
бол манай нөхөр хүртэл эр хүн гэлгүй л хөлөө жийж суугаад ямаагаа саалцдаг.
Манайх малчинтай. Мал цөөтэй малчныг
малжуулдаг. Жилд 2000 мал хүнд өгч маллуулаад төлийг нь өгдөг юм. Жилдээ хоёр
тонн гаран ааруул хийдэг. Зуны нөхцөлд 2, 3 хүнийг цалинжуулаад ажиллуулдаг. Нэг
саальчинг сарын нэг сая төгрөгөөр цалинжуулдаг. Манайд ажилласан улсууд их л
урамтай байдаг юм.
Малын буян маш их. Бид нар төсвийн
цалинтай хүний сарын цалинг бараг өдөртөө л олно. Гэхдээ гарлага ч их гардаг л
юм.
-Таныг их сайхан идээ хийдэг гэж ярьдаг, хүмүүс ч их захиалж авдаг байх,
энэ сайхан идээ хийхийг хэнээс өвлөж авав, арвин, сайхан идээ хийдэг хүнийг “арвин
гартай” гэж магтдаг даа.
Тэр тийм шүү. Нутгийнхан маань манайхыг
“их арвин гартай” гэж ярьцгаадаг. Миний ааруул хийдэг технологи гэдэг аав,
ээжээс маань л өвлөгдөж ирсэн уламжлалт арга байдаг.
Идээ эзнийхээ сэтгэлийг дагадаг гэж
би боддог юм. Миний аав ээж Говь-Угтаал сумын Ажирхай багийн хүмүүс. Аав, ээж
маань нутаг усандаа магтагдсан сайхан сэтгэлтэй хүмүүс байлаа. Манай айраг гэдэг
аймгийн зүүн талд гайхагддаг байсан. Их сайхан цагаан идээтэй айл байсан. Тэр
буян л надад, миний хүүхдүүдэд ирсэн байх. Миний аав ээж 8 хүүхэдтэй. Түүнээс
зургаан охин нь зургуулаа Мянгат малчин өрхийн эзэгтэй болсон байдаг. Тэгээд
манай эгч, дүү нар бүгдээрээ сайхан идээ хийдэг, цагаан идээгээрээ нутаг
усандаа гайхагддаг. Энэ бол аав ээжийн маань л буян юм.
Анх энэ нутагт бэр болоод ирэхэд айл
болгон л өөр өөр идээ хийдэг байсан санагддаг. 2010 оноос хойш л нийтээрээ
ингэж нэгэн жигд, сайхан идээ хийдэг болсон доо. Би ер нь боддог юм, аймгийн
зах зээлд гарч байгаа нийт цагаан идээний гуравны нэгийг бараг манай Алаг-Өндөр
баг гаргаад байгаа юм шиг л надад санагддаг.
Би нутгийнхандаа, үр хүүхдүүддээ,
бэрдээ энэ уламжлалаа хэлж, өвлүүлж л явна. Манай нутгийнхан зарим нь баярласнаа
маш их илэрхийлдэг, таны буянаар л ийм сайхан идээ хийдэг болсон гэж баярладаг
шиг байгаа юм. Хүний баярлах, бахархах сэтгэл, бас бага зэрэг цагаан атаархлын
юм байдаг бол энэ нь хүний ухамсартай л холбоотой асуудал шүү дээ. Тиймээс хүн
өөрөө л буян хийж байна, миний нутгийнхан сайхан хүлээж авч байна гэж бодож
явбал болох нь тэр. Тэгж бодсоноороо л хүн сайн явдаг байх, хүүхдүүддээ ч би
энэ талаар л зааж сургадаг даа.
Идээ гэдэг хүний сэтгэл, айлын
өнгийг илэрхийлдэг. Сайхан идээтэй, тэр нь арвин гардаг байвал өөр юу хэрэгтэй
байхав дээ, энэ бол асар их буян заяа, амны хишиг шүү дээ.
-Зах зээл эхэлсэнээс хойш л цагаан идээгээ борлуулж байна гэлээ. Хаанаас
ямар хүмүүс худалдан авч байна, ер нь сүүлийн жилүүдэд манай монголчууд цагаан
идээ, тэр тусмаа ааруулыг их худалдан авах болсон санагддаг. Түүнийгээ зах
зээлд борлуулахад савлагаанаас авахуулаад шийдэх асуудал зөндөө л байдаг байх?
-Ааруулын захиалга их ирнэ ээ.
Гадаадаас ч монголчууд захиалаад авч байна, аймгийн төв, Дархан, Улаанбаатар
гээд олон газраас авдаг. Намар болохоор л “арав, хорин кг ааруул танайхаас
авмаар байна, нэг сая төгрөгийн цагаан идээ авах гэсэн юм” гээд л хүмүүс хүрээд
ирдэг дээ.
Манай бүтээгдэхүүн савлагаатай. Энд
тэнд үзэсгэлэн худалдаанд оролцоход хүмүүс хаяг, шошго, баннар хийж тавьсан
харагддаг. Би бол цагаан идээгээрээ л гангарах дуртай.
Савласан нэг их үзэмжний цаана юу ч
байхыг үгүйсгэхгүй, тиймээс доторхийг нь хүн амталж мэдэхгүй шүү дээ. Одоо хүмүүс
ориг, эко бүтээгдэхүүнийг л сонгож хэрэглэдэг болсон байна. Тиймээс ихээр авч
байгаа хүмүүс задгайгаар нь л авах дуртай байдаг юм. Ер нь ч тэгээд 500 кг,
200-300 кг ааруулыг ч одоо ямар уутанд савлахав дээ. Хиллээд л хайрцаглаад
өгдөг юм.
-Хөдөөд мал маллах залуу эмэгтэйчүүд их ховор болчихлоо. Ер нь залуу малчдад та юу гэж сургаж, захиж хэлэх вэ?
-Малын буян үнэхээр их шүү дээ. Манай
дунд хүү О.Галбадрахын эхнэр С.Болор-Эрдэнэ дээд сургуульд сурч байгаад л манай
хүүтэй ханилаад одоо хөдөө гараад ирсэн. Юу дутуу гэхэв дээ, дээд сургууль
төгсөөд ажил олдоо ч билүү үгүй ч билүү, ажилд орлоо гэхэд өнөөдөр энэ
хөдөлмөрөөрөө олж байгаа орлогыг олоо ч билүү, үгүй ч билүү. Ийм сайхан агаарт, байгаль
дэлхийтэйгээ ойр байж, энэ малынхаа буяныг дааж, хүнээс дутуугүй сайхан л
амьдарч байна. Манай нутагт сүүлийн үед дээд сургууль төгссөн охидууд зөндөө л
мал дээр гарч, малчин болж байна. Энэ бол асар их буян, хишиг шүү дээ.
Харж байхад аймгийн төвд сүү, цагаан
идээ зарж байгаа хүмүүсийн дийлэнх нь л манай нутгийн залуучууд байгаа
харагддаг. Би энүүгээр маш их бахархдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
Ер нь хүн чинь жигтэйхэн хөрөнгө,
юмтай байж амьдрахгүй. Хичнээн жил зүтгэж, хичээж, зөв хөдөлмөрлөсний
эцэст л сайхан амьдралыг бий болгоно, сайхан алдар хүндийг хүртэнэ, эдлэхийгээ
эдэлнэ. Хүн сайхан амьдралыг өөрөө л бий болгохоос биш өөрөө л хичээхгүй юм бол
тэр буян, сайхан бүхэн өөрөө хүрээд ирдэг юм биш шүү дээ. Ер нь бэлэн юм гэдэг
тийм ч зөв юм биш, өөрийн хар хөлсөө гарган байж хийсэн, бүтээсэн, олсон бүхэн
сайхан байдаг, үнэтэй байдаг.
Сүү бол цагаан алт гэж бид боддог.
Тэгээд цалгиахыг ч цээрлэдэг, түүнийгээ л хайрлаж, нандигнаж, шүтэж байж л
буяныг нь хүртэнэ гэж боддог юм. Хүүхдүүддээ ч тэгж сургадаг. Миний хүүхдүүд ч
одоо бараг надаас илүү мал аж ахуйгаа мэддэг, идээ цагаагаа хийдэг болж байна.
Өөр би юу хүсэхэв дээ, ээж, ааваасаа өвлөж авсан мэддэг, чаддаг бүхнээ л үр
хүүхдүүддээ үлдээхээс илүү хөрөнгө ч гэж юу байхав. Малын буян их шүү. Малчин
заяандаа л маш их баярлаж явдаг даа, эгч нь.
Малын буян заяа маш их. Монголынхоо ахуй, өв соёлыг хадгалж, өвлүүлж яваа хоёр аваргадаа амжилт хүсье.
Ярилцлага өгсөнд баярлалаа.