Шагайн тойромд "Ихэр хайрхан" баг 3 жил дараалан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-02 16:31:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/ “Даян дээрхийн цом” үндэсний шагайн харвааны тойром наадмыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх "Мон 9183" төслийн санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ жил Даян дээрхи, Цагаан бурхан, Суварга Хан уулын хишиг гэсэн 3 хайрханы тахилга бэсрэг наадамтай хамтатгаад олон төрлөөр баяжуулж нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулан үндэсний хувцасны, орон нутгийн шилдэг гар урлалын үзэсгэлэн уралдаан болжээ. Даян дээрхийн цом-Суварга ханы хишиг шагайн харваан тэмцээнд 50 гаруй мэргэн харваач оролцсоноос багийн харваанд Бүрэнтогтох сумын "Ихэр хайрхан" баг 3 жил дараалан түрүүлж цомоо үүрд хадгалан үлдэхээр боллооТэмцээний дэд байрт Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн "Цэц" баг, гуравт Чандмань-Өндөр сумын баг шалгарсан бол хувийн цуваанд улсын мэргэн Б.Мөнхнасан түрүүлж, аймгийн мэргэн С.Баттөмөр удаалж, аймгийн мэргэн П.Дөлгөөн гуравт шалгарлаа.

Тус наадмыг нь 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд Цагаан-Үүр сум болон Уялган голын иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэх, гадна дотны жуулчид сонирхдог эвент арга хэмжээ болгох зорилготой бөгөөд энэ жил 500 гаруй иргэд ирж үзэн өргөжсөн байна.

Шагайн тойром наадмыг бусад аймагт уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд харин Хөвсгөл аймагт 3 дахь жилдээ болж цаашид аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгохыг зорьж байгаа ажээ. Шагайн харвааны наадмын үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс бага хүүтэй зээл авч, сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа нутгийн иргэдийн үзэсгэлэн худалдаа гаргасан байлаа.

 

Холбоотой мэдээ