Ким-Трампын цэрэггүй бүсэд хийсэн уулзалтыг түүхэн уулзалт хэмээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Панмүнжомын цэрэггүй бүсэд “түүхэн”, “гайхалтай” уулзалт хийлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
“1953 онд хоёр Солонгос хооронд түр эвлэрэх гэрээ байгуулснаас хойш 66 жил өнгөрсний дараа АНУ болон БНАСАУ-ын дээд удирдлагууд солонгос үндэстэн хуваагдсаны бэлгэ тэмдэг болох хилийн Панмүнжом цэгт уулзаж, гар барилцсан нь түүхэн үйл явдал боллоо” гэж мэдээнд цохон тэмдэглэв.
KCNA агентлагийн онцлон тэмдэглэснээр, хоёр орны удирдагчид “Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, БНАСАУ-АНУ-ын харилцааг сайжруулж, эрс өөрчлөлт хийх, сэтгэл түгшээж буй сэдвүүд болон хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудыг хэлэлцжээ”. Түүнчлэн "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад болон хоёр талын харилцаанд шинэ эргэлт хийхийн тулд яриа хэлэлцээгээ үр бүтээлтэй үргэлжлүүлэхээр тохиролцлоо" гэж тус агентлаг мэдээлэв.
Дональд Трамп, Ким Жөн Ун нар хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд ням гарагт уулзаж, гар барилцсан юм. Хоёр орны удирдагчдын Панмүнжом цэгт хийсэн хэлэлцээ нэг цаг орчим үргэлжилжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт Панмүнжомд хүрэлцэн ирсэн байна. Ким Жөн Унтай хэлэлцээ хийх тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн багууд байгуулахаар тохиролцсон гэж Трамп уулзалтын дараа мэдэгджээ. Түүний хэлснээр, тусгай багууд хоёроос гурван долоо хоногийн дотор ажиллаж эхлэх аж.