“Торгоны зам-2019” авто ралли олон улсын уралдаан 10 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-28 13:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд өнөөдөр Монголын автомашин, мотоциклын спортын холбоо /МАМСХ/-ноос “Торгоны зам-2019” авто машин, мотоциклын олон улсын уралдааны талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.


Монголын баг тамирчид тус авто ралли уралдаанд мотоциклын төрлөөр анх удаагаа оролцохоор болжээ. Тус уралдаанд 43 орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд тэмцээн долдугаар сарын 6-16-ныг хүртэл 10 өдөр үргэлжилнэ.


“Торгон зам-2019” олон улсын уралдаанд өрсөлдөх Монгол баг тамирчид автомашины төрлөөр дөрвөн баг, мотоциклын төрлөөр 6 тамирчин өрсөлдөхөөр зэхэж байна. Энэ удаагийн уралдаан нь ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлж Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-ын Дуньхуан хотод барианд орно.



Монголын автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх: “Тус уралдаанд өрсөлдөх монгол тамирчдын зардлын 50 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дааж байгаа. Мөн спортын энэ төрөлд  Монгол Улсын төр засгаас улс орноо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлогын хувьд маш сайн дэмжиж байгаа” гэж онцоллоо.


Уралдааныг ОХУ, БНХАУ, Франц, Монгол тэргүүтэй улсын авто машин, мотоциклын холбоод 2009 оноос хойш дэмжин хамтран ажиллаж байгаа аж. 


                                                                                                                                                                                     Б. Одгэрэл

Холбоотой мэдээ