Д.Тэрбишдагва: Хүнсний салбарын бодлого, эрхзүйг уялдуулж холбох шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-25 17:28:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүнсчдийн онц чуулган “Хүнсний аюулгүй байдал ба хангамж” сэдвийн дор өчигдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд боллоо.

Чуулганыг УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва нээсэн юм. Тэрбээр, “Нэгдүгээрт бид, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн байдлын түвшинг хэлэлцэж, хоёрдугаарт, салбарын тулгамдсан зүйлээ ярилцаж, шийдвэрлэх гэсэн зорилготой чуулж байна.

Чуулганыг угтаж бид хүнсний сүлжээнд оролцогч төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод нийлж, мах, сүү, гурил үйлдвэрлэгчид, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгчдийг хамруулан салбар, чиглэлээрээ 3-4 удаа уулзаж монголчуудын хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө дор бүрнээ юу хийхээ тодорхойлон гаргасан. Үүнийгээ бид өнөөдөр хуралдаж буй чуулганаас гарах зөвлөмжийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч болон ҮАБЗ, салбарын яамд, төрийн болон ТББ-уудад гардуулан өгнө” хэмээн мэдэгдсэн юм. Чуулганаас гарах зөвлөмжид хүнсний салбарын бодлого, эрхзүйн баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулж хангах талаар тусгаж буйг хэлсэн юм.  



Хүнсний салбарт хувийн хэвшлийн оролцоо дутмаг, хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл муутай, салбар дунд шударга бус өрсөлдөөн ихээр гарч, орчин үеийн технологи нэвтрэхгүй, Зөрчлийн тухай хуульд боомилогдож байна гэсэн олон санал, зүйлийг чуулганд оролцогчид хөндөв. Хүнсний технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Гавьяат багш Б.Барамсай “Хүнсний салбарын хүний нөөц”-ийн талаар тавьсан илтгэлдээ, “Одоогоор МСҮТ-д суралцагсдын 54 хувийг тогооч, нарийн боовны мэргэжил эзэлж, мах, сүүний чиглэлээр суралцагчид бага байна” гэдгийг онцолж байв.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн их сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Туяацэцэг “Хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага” гэсэн илтгэлдээ, “Монголчуудын хоол хүнсний 63 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж, ДЭМБ-ын зөвлөснөөр манай улсын хүн ам хоол хүнсний илчлэгээ авч чадахгүй байгааг дурдаж байв.




Чуулганы зохион байгуулагч байгуулагын нэг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах нь” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Энэхүү чуулганаар хувийн хэвшлийнхэн хэрхэн нэгдэн, бизнесийн орчноо хамгаалж хөгжүүлэх талаар ярилцлаа. Үндэсний танхимаас хүнс үйлдвэрлэгчид бид асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Танхим дээрээ салбар зөвлөлөө байгуулан, нэгдсэн бодлоготой байж төртэйгөө ойлголцоно. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг олон ТББ хоорондоо зөрчилдөхөөс цаашгүй, салбарын дэмжлэгийг авч чадахгүй байгаа юм. Ийм нөхцөлд төрийн бодлого ч үр дүнгүй, хүнс үйлдвэрлэгчид ч хөгжихгүй. Төрөөс хүсэхээс илүүтэй бид бизнесээ өөрсдөө тодорхойлон дэвшүүлэх нэгдмэл зорилготой болох нь зөв. Ингэснээр хяналт шалгалт бодлогын дэмжлэгийг төр, засагтайгаа хэлэлцэн, хууль эрх зүйн орчноо ч сайжруулах боломжтой болно” гээд үйл ажиллагаагаа нэгдмэл болгон, “Хүнсчдийн танхим”-ыг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.


Чуулганы төгсгөлд УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва хэлэхдээ, “Манай улс зах зээлийн нийгэмд давснаас өөр бараагүй байсан үеийг бодвол хувийн хэвшлийн ААН-үүд өөрсдийн хөрөнгө мөнгөний бололцоогоор дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүнсний олон үйлдвэр байгуулаад байна. Бид өнөөдөр гадны зээл тусламж нийлсэн 28 тэрбум ам.долларын өртэй гэж ярьдаг. Тэгвэл энэ өр зээлийн нэг хувийг л хүнсний салбарт зарцуулбал Монгол Улсаа, монголчуудаа эх орныхоо хөрсөнд ургуулсан бүх төрлийн хүнсээр бүрэн хангах боломжтой” тэмдэглэсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ