Дорноговь аймаг тэргүүлэгч аймгаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-03-31 21:41:37

Дорноговь аймаг  хүнээ хөгжүүлэх, сургах, гадаад харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт оруулж бусад аймгуудаа манлайлан амжилттай ажилласныг үнэлж Засгийн газраас  тэргүүлэгч аймгаар шалгаруулсныг Ерөнхий сайд онцолж аймгийн удирдлагуудад Ерөнхий сайдын  нэрэмжит шагналыг  гардууллаа.

Тус аймаг Япон, БНХАУ, Турк, БНСУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээс гадна  аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулсан  байна. Тухайлбал  Японы Шиүзүока мужтай найрамдалт харилцаа тогтоож эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг салбарт олон  мэргэжилтэн солилцсоноос гадна Дорноговийн  хүүхдүүдийг Япон руу сурагч солилцооны шугамаар явуулж байгаа нь өсвөр үеийнхнийг  хөгжилтэй оронд очиж нүд тайлах, цаашдаа мэргэжлээ сонгох, мэдлэг  боловсрол олох үйл хэрэгт ихээхэн чухал ажил болсон аж.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аймгийн ИТХ-аас хөтөлбөр баталж Хамарын хийд-Энергийн төвийн орчимд  аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар ерөнхий төлөвлөгөө баталж,  орон нутгаас хөрөнгө гарган дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа ажээ. Тухайлбал: Сайншандаас Хамарын хийд хүртэл 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 км зам, Хамарын хийд, Шамбалын орны 3900 м.кв талбайг ашиглалтад хүлээн авсан. Хамарын хийдийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө батлан, цахилгааны шугам, худаг болон цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлууд хийсэн. Хамарын хийд орчимд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн, засмал замтай болсон зэрэг аялал жуулчлалын хөгжилд ач тусаа өгч байгаа юм. Энэ бүхний дүнд  Дорноговийг зорих гадаад дотоодын  жуулчдын тоо 100 мянга  давжээ.  

 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ