Хонконгийн Засгийн газрын үйл ажиллагааг сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ. /TASS/. Өнгөрөгч баасан гарагт Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсонтой холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан Засгийн газрын үйл ажиллагааг даваа гарагийн өглөө сэргээлээ.
Одоогийн байдлаар хотын байдал тайван, жагсаал цуглаан болоогүй байна. Ням гарагт Хонконгийн засаг захиргааны төлөөлөгчид, хэд хэдэн сайд нар хямралаас сургамж авч, ажлаа сайжруулан, олон нийтийн итгэлийг сэргээнэ гэдгээ амлажээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хонконгт олон мянган оюутныг хамарсан жагсаал дахин болсон юм. Тэд сэжигтнийг БНХАУ-ын талд шилжүүлэн өгөх тухай маргаан дагуулсан хуулийн төслөөс бүрмөсөн татгалзахыг шаардсан байна. Жагсагчид Ван Чай дүүрэг дэх цагдаагийн газрыг 15 цагийн турш бүслэн хаажээ. Эсэргүүцлийн ажиллагаа тайван болсон бөгөөд эмх замбараагүй байдал үүсээгүй байна.