Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн тагнуулын дроныг сөнөөсний дараа Иранд цохилт өгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн боловч дараа нь ажиллагааг цуцалсан тухай “The New York Times” сонин эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус сонинд мэдээлснээр, Ираны цэргүүд болон энгийн иргэд олноороо үрэгдэхээс зайлсхийхийн тулд өглөө эрт цохилт өгөхөөр төлөвлөж байжээ. Пуужингийн төхөөрөмж, радиолокацын станц зэрэг хэд хэдэн объект цохилтын гол бай болох ёстой байсан байна.
Гэвч “The New York Times” сонинд мэдээлж буйгаар, ажиллагааг төлөвлөгөөний эхний үед нь цуцалсан байна. Чухам яагаад цуцлах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Цагаан ордныхон ердөө л бодлоо өөрчилсөн эсвэл ложистикийн эсвэл стратегийн шинж чанартай хүндрэлтэй тулгарсан гэж тус сонинд гарсан мэдээлэлд дурджээ.
Ираны өмнөд нутагт Америкийн тагнуулын дроныг сөнөөсөн гэж Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпус пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь Вашингтон болон Тегераны төвөгтэй байгаа харилцааг улам хурцатгах шинэ шалтгаан болсон байна.
Оманы буланд АНЭУ-ын эрэг хавьд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн хэрэг долоо хоногийн өмнө гарсан бөгөөд энэ халдлагад АНУ Ираныг буруутгасан билээ. Үүнээс өмнө Вашингтон Ираны эдийн засгийн гол салбаруудад хатуу хориг арга хэмжээ авч, мөн Лалын хувьсгалыг хамгаалах корпусыг террорист байгууллагаар зарласан. Үүний хариуд Тегеран Америкийн Зэвсэгт хүчний Төв командлалыг террорист байгууллагуудын тоонд оруулж, АНУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" хэмээн мэдэгдсэн билээ. Үүний дараахан Вашингтон Ираны эрэг рүү нисэх онгоц тээгч "Авраам Линкольн" хөлөг онгоцоо болон бөмбөгдөгч нисэх онгоцуудаа илгээсэн юм.
Пүрэв гарагт Трампаас "АНУ Иранд цохилт өгөх үү?" гэж асуухад "Та бүхэн удахгүй мэдэх болно. Мэдээж бид энэ талаар нухацтай ярилцана. Тэд маш том алдаа хийлээ" гэж хариулсан байна.