ОХУ, БНСУ, Монголын өсвөрийн бүжигчид тоглолт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-19 14:03:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНСУ-ын өсвөрийн бүжгэн жүжигчид /балетчид/-ийн хамтарсан “Spirit of ballet 2019” гала тоглолт өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Тоглолтод Монголын үндэсний балет сургууль, "Classic Ballet", "Sylphide Ballet" зэрэг балетын урлагаар хичээллэдэг 12-20 насны хүүхэд залуучууд бүжгийн авьяасаа үзүүлэв.

Монголын Балетын Урлагийн Холбооны Солонгос дахь төлөөлөгч Д.Одмаа “Энэ удаагийн тоглолтыг Монголын балетын холбоотой хамтарч олон улсын түвшинд зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд УДЭТ БНСУ-ын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Үүний нэг жишээ бол, энэхүү тоглолт юм. Гала тоглолтод томоохон тэмцээн уралдаанд амжилт гаргасан 50 гаруй хүүхэд оролцлоо. Мөн олон улсын хэмжээний болгож, цаашдаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Гурван улсын өсвөрийн балетчид оролцсон хамтарсан тоглолтыг Монголын Балетын Урлагийн Холбооны тэргүүн Ц.Жаргалан найруулсан байна.


Холбоотой мэдээ