Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. Компанитай нь холбогдох шалгалтуудыг дуусгах хүртэл криптовалютаа гүйлгээнд гаргахгүй байхыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Максин Уотерс “Facebook” компаниас хүсжээ.
“Хууль тогтоогчид болон зохицуулагчид тус компанийн өмнөх асуудлуудыг шалгах, арга хэмжээ авах хүртэл криптовалютаа хөгжүүлэх талаар ямар нэг алхам хийхгүй байхыг “Facebook”-ээс хүсэж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Уотерс мөн “Facebook” компанийн удирдлагууд криптовалютынх нь талаар хэлэлцэх Конгрессын сонсголд оролцох ёстой гэдгийг онцлон хэлэв.
“Libra” хэмээн нэрлэсэн криптовалютаа 2020 онд гүйлгээнд гаргана гэх мэдээлэл “Facebook”-ийн хуудсанд мягмар гарагт гарсан байна.
“Visa”, “Mastercard”, “PayPal”, “Uber” зэрэг Америкийн томоохон компаниуд “Facebook”-ийн гаргаж байгаа криптовалютыг удирдах консорциум байгуулахад 10 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж “The Wall Street Journal” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.