Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-19 09:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо.


Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр тус дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм.

Дүүргийн 26 дугаар хорооны хувьд 22 мянган оршин суугчтай, 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй атлаа цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан ч газаргүйн улмаас өөрийн гэсэн байраа барьж чадахгүй “Монгол тэмүүлэл” хувийн сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллэдэг байв. Тус сургуулийн хувьд Дүнжингарав худалдааны төвийн  урд байрладаг бол Хотын даргын шийдвэрлэсэн 133 дугаар сургуулийн шинэ байр барих газрын хувьд "Монгол тэмүүлэл" сургуулийн замын чанх хойно,  Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлалтай аж.  

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  тэргүүтэй албаны төлөөлөгчид дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм. Энэ үеэр хотын Захирагч “Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй газар олгох ажил хэрээс хэтэрсэн. Хүүхдийн сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй хэрнээ зарим хувь хүн, аж ахуйн нэгж хотын төвд хэдэн арван га-гаар нь газар авчихаад, ашиглахгүй тохиолдол ч байна. Тиймээс олон нийт, хүүхдийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуйн нэгжид газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн. Бид боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тул удахгүй 133 дугаар сургуулийг шинэ барилгаа барих газартай болгож өгнө” гэж байсан юм.

Тэгвэл Хотын захирагчийн захирамжийн дагуу барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 2000-аад хүүхэд болон нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ