Өмнөговьчууд дугуйгаар ажилдаа явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Ажилдаа ч дугуйтай, аялахдаа ч дугуйтай" уриалга цахим орчинд хүчээ авч байна.
Энэхүү уриалга аяныг тус аймгийн Эрүүл мэндийн газраас эхлүүлсэн байна.
Тухайн аянд нэр нь дуудагдсан төрийн болон хувийн байгууллагууд тав хоногийн дотор дугуйтай аялал болон ажилдаа явж байгаа зургийг цахим хаягтаа оруулах юм. Уг аянд Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хамт олон нэгдэж дугуйтай аялалаа зохион байгуулж иргэдэд дугуй унахын ач тус, эрүүл мэндэд хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар сурталчилгааны материал бэлтгэн 250 иргэнд хүргэсэн байна.
Мөн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, ХХААГ, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагад идэвхтэй нэгдээд байгаа аж. Тус аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхийн эхлүүлсэн "Эко Өмнөговь" төсөл буюу дугуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна. Тэрээр нэг жилийн өмнөөс өөрөө дугуйгаар ажилдаа очиж, зарим ажил хэргээ дугуйгаар явж гүйцэтгэж эхэлсэн билээ.