"Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019" нэгдсэн арга хэмжээ өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-18 14:57:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Урин дулааны үеэр амралт зугаалга эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон Монгол улсын ЗХД-ийн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэгтэй холбогдуулан "Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг өрнүүлэхээр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.

Говь-Алтай аймагт 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осол хэрэг 10 бүртгэгдэж 11 хүн гэмтсэнээс нэг хүүхэд, 10 том хүн байсан бөгөөд тэдгээрээс тав нь амь насаа алджээ. 

Үүнийг өмнөх оны эхний таван сартай харьцуулахад 30 хувиар өссөн байна.

Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох, хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилготой уг аяныг улсын хэмжээнд зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 25-ныг хүртэл явуулах юм. 

Тус арга хэмжээний нээлтийг Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга ахмад Ч. Цогтбаяр, Авто тээврийн төвийн дарга С. Гантулга нар нээж, иргэд хөдөлмөрчдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Холбоотой мэдээ