Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-31 11:27:26

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Цөмийн аюулгүй байдлын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт буюу өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь цөмийн терроризмийн аюул заналын эсрэг авах арга хэмжээ болно.

“Лалын улс” бүлэглэлийн гарт цөмийн зэвсэг орсон уу?

“Өнгөрсөн хэд хэдэн дээд хэмжээний уулзалтын үеэр бид цөмийн аюулгүй байдлын асуудалд, цөмийн материалуудыг хэрхэн аюулгүй хадгалах, террорист байгууллагуудын гарт орохоос хамгаалахад анхаарлаа хандуулсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахын орлогч Бен Родс уг дээд хэмжээний уулзалтад зориулан тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

“Террористууд ийм материалуудыг гартаа оруулж, цөмийн зэвсэгтэй болохыг хүсч буй гэдгийг бид мэдэж байгаа. “Аль-Каида” байгууллага ингэхийг оролдож байсан, мэдээж хэрэг “Лалын улс” бүлэглэл ч бас ийм хүсэлтэй байгаа” гэж Цагаан ордны төлөөлөгч онцлон хэлсэн байна.

Түүний хэлснээр, “Лалын улс” зэрэг бүлэглэлүүдээс учирч буй аюул заналын талаар дэлхийн улс орнуудын удирдагчид хэлэлцэх тусгай чуулганыг энэ жилийн дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт оруулсан байна”. Уг чуулганаар уран, плутони лалын шашинтнуудын гарт орохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төдийгүй бүхэлдээ террористуудтай хийж буй тэмцлийг эрчимжүүлэх тухай хэлэлцэх аж. "Энэ бодит аюултай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай бөгөөд чухам ийм хүчин чармайлт гаргахыг АНУ нэгдсэн хуралдаанаар шаардах болно. Гэхдээ лалын шашинтнуудад цөмийн зэвсэг байгаа гэдгийг америкчууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нь зөвхөн болгоомжлол бөгөөд “Лалын улс” зайлшгүй шаардлагатай материалуудыг гартаа оруулахыг оролдож байгаа талаарх мэдээлэл одоогоор АНУ-ын эрх баригчдад байхгүй байна" гэж Родс цохон тэмдэглэжээ.

Умард Солонгосын үйлдэл

Цөмийн асуудалд зориулсан дээд хэмжээний уулзалтаар мэдээж хэрэг энэ чиглэлээр явуулж буй Умард Солонгосын бодлогыг хэлэлцэхгүй өнгөрч болохгүй.

Хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөснөө Пхеньян хоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн бол Умард Солонгос нэгдүгээр сарын 6-нд сүүлийн 10 жил дэх дөрөв дэх цөмийн туршилтаа газар дор явуулсан билээ. Энэ туршилтыг АНУ-ын дайсагнасан бодлогын хариуд “өөрийгөө батлан хамгаалах зорилгоор явуулсан” гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн бол хиймэл дагуулыг "сансар огторгуйг энхийн зорилгоор судлахаар" хөөргөжээ.

“Өнөөдрийн байдлаар Зүүн Азийн аюулгүй байдалд хамгийн идэвхтэй өдөөн хатгасан аюул учруулж байгаа учраас Умард Солонгосын талаар маш олон удаа хэлэлцэх нь эргэлзээгүй. Гэхдээ энэ нь дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болохгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Томас Кантримен урьд нь мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр хийх уулзалтууд

Цагаан ордны төлөөлөгчдийн хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама боломжийг ашиглаж, төлөөлөгчдийн зарим тэргүүнтэй тусдаа уулзана.

Америкийн засаг захиргааны тэргүүн пүрэв гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Бак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай гурван талын уулзалт хийнэ. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, улстөрчид “Умард Солонгосын зүгээс учирч буй аюулд ерөнхий хариу арга хэмжээ авах”, түүнчлэн бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын салбарт гурван талын хамтын ажиллагааг урагшлуулах арга замыг хэлэлцэнэ.

Обама пүрэв гарагт мөн Хятадын дарга Си Зиньпинтэй тусдаа уулзана. Цагаан ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, тэд “хоёр орны харилцан ашиг сонирхолд нийцсэн өргөн хүрээтэй асуудлуудаар хамтран ажиллах тухай, мөн санал зөрөлдөөнтэй байгаа салбаруудын талаар хэлэлцэнэ. Тухайлбал, Хятад хэд хэдэн улстай арлын нутаг дэвсгэрийн талаар маргаан явуулдаг Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг, мөн Хятадын хүний эрхийн байдлыг хэлэлцэх аж.

Америкийн Ерөнхийлөгч мөн Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд оролцогч орнуудын удирдагчидтай уулзана. Бен Родсын хэлснээр, тэд энэ чиглэлд хүрсэн ахиц дэвшлийн талаар хэлэлцэнэ.

ОХУ уулзалтад оролцохоос татгалзжээ.

Москва энэ удаа энэ жилийн дээд хэмжээний уулзалтад оролцох нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. “Бодит материал гэдэг утгаар нь цөмийн аюулгүй байдлыг хангахыг ОХУ тууштай дэмждэг. Манай орон Вашингтонд 2010 онд, Сөүлд 2012 онд, Гааг хотод 2014 онд болсон цөмийн бодит аюулгүй байдлыг хангах асуудлаарх гурван дээд хэмжээний уулзалтад оролцсон. Дээд хэмжээний уулзалтууд үүргээ гүйцэтгэсэн. Цөмийн бодит аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт ихээхэн ахиц дэвшил гарсан. Гэвч эдгээр уулзалтаар энэ сэдвийн улс төрийн талаар хэлэлцэх асуудлууд шавхагдаж дууссан” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөр

Форум гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр баяр ёслолын шинжтэй байх бөгөөд оролцогчид бүгд Вашингтон хотод хүрэлцэн ирнэ. Өнөө орой Обама Цагаан ордонд төлөөлөгчдийн тэргүүн нартай үдийн зоог барина. Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр гурван нэгдсэн хуралдааны нэг болох бөгөөд хэд хэдэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих шинжээчдийн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна, гол арга хэмжээнүүд дууссаны дараа Обама хэвлэлийн хурал хийнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ