С.Эрдэнэ: Үндсэн хуульд өнөөгийн УИХ өөрчлөлт оруулах ёсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-14 12:12:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын Зөвлөлийн гишүүд хуралдааныг орхин гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ товч мэдээлэл хийлээ.


Тэрбээр, “УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн зээл, “60 тэрбум”-ын хэргээс эхлээд олон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдсон. Ийм байдалд байгаа УИХ, улс төрийн нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгчөөс санал аваагүй. Улмаар өргөн барих гэж буй төслөө Ерөнхийлөгчид хүргүүлэхгүйгээр шууд УИХ-аар хэлэлцэж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил юм. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг эхлээд ард түмний саналыг авч байж шийдэх ёстой. Гэтэл УИХ эхлээд хэлэлцэх эсэхээ шийдсэний ардаа ард түмний саналыг авна гэдэг буруу. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүч түрэн батлах оролдого хийсэн тохиолдолд бид бусад улс төрийн намтай нэгдэж, бүхий л хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ