СУИС-ийн оюутнуудын оюуны охиос дээжлэхүй...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-14 13:16:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимээс жил бүр төгсөгчдийнхөө уран бүтээлийг эмхэтгэн гаргадаг уламжлалтай болжээ. Энэ жилийн оюутны бүтээлийн дээж “Хар шоо” нэртэй хэвлэгдэн гарсан байна.

Уг номд урлаг судлал, жүжиг, кино зохиолчийн төгсөх ангийн есөн оюутны хорин таван шүүмж, өгүүлэл, тэмдэглэл, жүжгийн зохиол багтжээ. Тухайлбал, Л.Толстойн “Анна Каренина” романыг Жой Врайтын найруулсан “Анна Каренина” /2012/ кинотой харьцуулан задлан шинжилсэн өгүүлэл, “Анна Каренинагийн дүрийн сэтгэл зүйн эргэлтийг киноны хөгжмийн илэрхийллээр жишин шинжих нь” өгүүлэл, “Сувдан ээмэгтэй бүсгүй”, Францискоде Гояа “Шулмын амралт” зэрэг уран зургийн шүүмж, “Од ба гэгээ" киноны шүүмж, “Гамлет” жүжгийн шүүмж зэрэг урлаг судлалын нарийн мэргэжил эзэмшиж буй залуусын шинэлэг бүтээлүүд багтжээ. Түүнчлэн XX зууны нэрт сэтгэгч, экзистенциализмын гол төлөөлөгч, зохиолч Ж.П.Сартрын “ Гарц үгүй” жүжгийг анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн тус номд нийтэлжээ.

Та урьд нь хар шоо эвлүүлж үзсэн үү? Зугаатай ч юм шиг, зугтмаар ч юм шиг, эсвэл бүр нүдээ ширгэтэл эвлүүлэн эргэлдүүлэн суумаар ч юм шиг элдэвтэй төсөөлөлтэй тааралдсан уу?  Урлагийг бүтээх хийгээд шинжлэхийн тухай ярихад тийм л аазгайтай, адармаатай байдаг гэсэн санаагаар залуу урлаг судлаачдын бүтээлийг “Хар шоо” хэмээн нэрийдсэн аж.

Холбоотой мэдээ