Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжихөд хүрчээ

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-06-13 15:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд автаж, бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон бөгөөд дулаарал хурдацтай явагдаж буй орны тоонд багтаж байгааг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурлын үеэр судлаачид онцлов.


БСШУСЯ, БОАЖЯ, ШУА хамтран  зохион байгуулсан энэхүү хурал байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр ажилладаг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцолд хүрэх зорилготой. Учир нь хүний буруутай үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үүсч буй сөрөг үр дагаврыг олон талаас нь судлан тогтоож, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар бодлого боловсруулах нь үр дүнтэй байдаг байна.

Энэ үеэр Монгол судлаачид хүрээлэн буй орчны суурь шинжлэх ухааны хүрээнд хийсэн урт хугацааны судалгааны үр дүнгээ танилцуулснаас гадна энэ салбарын байгууллагуудын хийж байгаа ажил, түүний менежмент, технологийн шийдэл зэргийг хэлэлцэв.

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох: НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын тэр дундаа бүс нутгийн оролцоотой уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны бохирдлын асуудлыг хэрхэн шийдэх, гадаадын хөгжингүй орнуудын туршлага, технологийг монголд хэрхэн нутагшуулах талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр эхлүүлэх нөхцлийг бий болгож байгаагаараа онцлогтой байна.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар: Эрдэмтэд бид бүхэн уур амьсгал, хүрээлэн буй орчны ихээхэн өөрчлөлттэй энэ эринд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хөгжүүлэх, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэ удаагийн  олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажил  болон хурлын үр дүнгээр  дараа нь зохион байгуулах ажилдд шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл хэрэгт бага биш хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

БОАЖЯ-ын сайдын зөвлөх Ё.Нямдаваа: Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлагатай. Иймээс энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлоход чухал нөлөөтэй юм. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд автсан. Нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдсан асуудлууд бидэнд байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван Тао: Миний бие элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргын талаар илтгэл тавилаа. Энэ чиглэлээр манай хоёр орон хамтран туршилт судалгааны төв байгуулсан. Хамтран ажиллахад шинэ санаа, мэдлэг ур чадварын хувьд асуудал гараагүй ч төслийг үргэлжлүүлэн хийхэд хөрөнгө оруулалт, дэмжлэг дутмаг байна.

 хурлын илтгэлээр олон улсын түвшинд дагаж мөрдөх нэгдсэн зөвлөмж гаргах аж.

Тус бага хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаач оролцов. Хурлын дараа буюу энэ амралтын өдрүүдээр гадаадын зочид, төлөөлөгчдийг хамруулсан хээрийн судалгааны ажлыг зохион байгуулахаар болжээ.

М.Батчимэг


Холбоотой мэдээ