"Хутагтын хишигт" яруу найрагчид төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-12 21:02:12

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Төрийн шагналт, СГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам амжилттай болж 100 гаруй хүн оролцлоо.

Энэ сарын 06-07-ны өдөр Завхан аймгийн төв Улиастай, Алдархаан сумын нутаг “Ар амны тасархай”-н бууцанд хоёр өдрийн турш зохион байгуулж, уламжлал ёсоор 10 хутагтын хишигт яруу найрагчаа тодрууллаа. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар МЗЭ, Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, Явуухулан сан ажиллажээ. Тус үйл ажиллагаанд Ардын уран зохиолч, МУСГЗ Тангадын Галсан, Төрийн соёрхолт, Болор цомын эзэн Цогдоржийн Бавуудорж, МЗЭ-ийн УЗ-ын дарга Долгорын Цэнджав, МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, Аажаа гэгээн Гэндэнжамц хувилгааны хишигт шагналт яруу найрагч Жамсрангийн Баяржаргал, Болор цомын эзэн, 

Арь гэгээн, Билигт ламын хувилгааны хишигт шагналт яруу найрагч Базарсадын Баттулга, Явуухулан сангийн тэргүүн Э.Чинзориг, Арлааны Эрдэнэ-Очир сангийн тэргүүн Э.Цагаан-Уул, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, МУГЖ С.Батсүх нарын 70 гаруй зочид урилгаар оролцжээ.

Харин Болор цомын эзэн яруу найрагч Л.Хасар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч М.Уянсүх, Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Монгол туургатан зохиолчдын төлөөлөл, Өвөр Монголын шилдэг яруу найрагч Б.Бүргэд тэргүүтэй 36 яруу найрагч “Очирваанийн Их эгшиглэн” яруу найргийн наадамд өрсөлдлөө.

Наадмын ерөнхий шүүгчээр Доктор, профессор, Утга зохиол судлаач шүүмжлэгч Д.Галбаатар, шүүгчдээр эрдэмтэн зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Д.Сумъяа, СГЗ зохиолч Б.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Дарьсүхбаатар, Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Баяржавхлан нар ажиллаж шилдэг 10 “Хутагтын хишигт” яруу найрагчийг тодрууллаа.

Наадмын нээлтийн үйл ажиллагааг Л.Ванганы нэрэмжит ХЖТ зохион байгуулж, Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн Б.Бямбасүрэн, н.Дэлгэрмаа багштай 10-р ангийн 91 шүлэгч их найрагчийн "Алаг дэлхийд төрсөн минь учиртай", "Шүлэг минь, хүлэг минь" шүлгийг дуудаж, тус сургуулийн Урангоо багштай "Хөнгөн бийр" дугуйлангийн уран бичээчид, Улиастай, Алдархаан, Идэр сумын морин хуурчид оролцов.


Шагналын хур буусан яруу найргийн өдрүүд болов

Ийнхүү Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмаас тодорсон “хутагтын хишигт” болон “нэрэмжит” шагналын эздийг танилцуулж байна.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр “Дилова хутагт Данзанламидын хишигт” шагналаар, яруу найрагч М.Амархүү “Хамба гэгээн Жамбалдоржийн хишигт” шагналаар, Б.Баттөмөр “Арь гэгээн чанравын хишигт” шагналаар, Өвөр Монголын шилдэг яруу найрагч Б.Бүргэд “Ачит ламын хувилгаан Вандандоржийн хишигт” шагналаар, Г.Бямбажав “Билигт ламын хувилгаан Дашдоржийн хишигт” шагналаар, Г.Ишхүү Милово богдын дүр, цагаан дара эхийн бүрэлбаа Цэрэндондов хувилгааны хишигт” шагналаар,А. Мягмаржав “Наробанчэн Данзанлхүндэвийн хишигт” шагналаар, Болор цомын эзэн Л.Хасар “Ялгуусан хутагт Данзинванчүгийн хишигт” шагналаар, Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч Х.Цэнд-аюуш “Жалханз хутагт Данзанчойжийванчүгийн хишигт” шагналаар, Б.Энхжаргал “Буурал багшийн хувилгаан Гэндэнжамцын хишигт” шагналаар тус тус тодорч шагнууллаа.

Мөн үеэр "ЭЛ СИ БИ" ХХК-ийн нэрэмжит “Жанлав цогзол” шагналаар яруу найрагч Н.Батжаргал, Э.Гантулга нарын зургаан яруу найрагч шагнуулсан Б.Явуухулан сангийн нэрэмжит шагналаар яруу найрагч Ч.Эрдэнэбаатар, Өвөрмонголын яруу найрагч Н.Мөнгөнцэцэг, Г.Лхагвадорж нар шагнуулав.


Их найрагчийн бууцанд төрсөн шүлгүүдийг эмхэтгэнэ

Дорнын их найрагч Б.Явуухулангийн төрсөн Ар Амны тасархайн бууцан дээр яруу найрагчид шүлэг бичиж өрсөлддөг уламжлалтай бөгөөд “Тасархайн бууцанд төрсөн шүлгүүд” уралдааныг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал тэргүүлж Өвөр Монголын яруу найрагч Н.Алтан-Уул, яруу найрагч Б.Жамбалдорж нарын шүлэг удаалжээ.

Ийнхүү хоёр жил тутам болдог Очирваанийн их эгшиглэн яруу найргийн наадмын үеэр зохион байгуулдаг их найрагчийн бууцанд төрсөн шүлгүүдийг эмхэтгэж  ном болгон хэвлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар Тасархайн бууцанд төрсөн 120 орчим шүлгүүдийг эмхэтгээд буй тухайгаа Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс тус тус мэдээлэв.

Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Г.Сэр-Одын

нэрэмжит шагналт яруу найрагч Батдоржийн Баяржавхлан:

"Эрчимлэг хүрэн уулнаа их найрагч үргэлж ирдэг"

-Сайн байна уу? Их найрагчийн 90 насны ойн үйл ажиллагаа өрнүүн болж өнгөрлөө наадмын сонин сайхнаас яриач?

-Их найрагчийн төрсөн, Тасархайн бууц, найрагч хоёр золгосон хүрэн улаан эрчимлэг уул Алдархаан сумын нутаг Мандаат хайрханы их биед ирэх бүрт ер бусын мэдрэмж хөвөрдөг. энд салхи үе үе амьтай юм шиг хөлийн дороос босч салхилдаг. тэрхүү салхи тэргүүн өөд бие ороон сэнгэнэх нь бодол санааг ариулж байх шиг гэгээтэй байдаг. Ийм л сайхан орон газарт их найрагчийнхаа мэндэлсэний 90 жилийн ой, "Очирваанийн их эгшиглэн" яруу найргийн наадмын нээлтийг хийлээ. Хайрхан өөрөө бүхэлдээ театр урлагийн өргөө мэт тогтоцтой байдаг. Нээлтийг 91 шүлэгч хүүхэд "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" шүлгээр нь эхлүүлж, "Шүлэг минь хүлэг минь" шүлгээр нь төгсгөхөөр бэлдсэн. Их найрагчийнхаа ойгоор 91 хүүхэд алдарт бүтээлийг нь дуурсгана гэдэг яруу найрагчийн хувьд мөрөөдөл минь байсан юм. Шүлэгч хүүхдүүдийн маань дуун газраас сунайж тэнгэрийн орноо хүрч, тэндээс тольдон байгаа явуу найрагчийг, яруу найрагчдыг нулимс дустал нь баярлуулж, асгарсан хуртайгаар нутаг минь зочдоо угтаж үдсэн авай. Энэ өдөр мөнөөх л ганц цагаан шонхор элин ирж дүүлсээр одохыг анзаарсан шүү. Газрын хол, замын бартаанд торохгүй тэмүүлж, зорьж, сүслэж ирдэг хүн бүхэн энэ гэгээт газар их Явуутай уулзаад буцдаг биз ээ. Олон сайхан шүлэг, олон ч сайхан найрагчдын хөг эгшиг энэхүү бууцнаа төрдөг, Харин энэ мөчөөс эхлэн тэдгээр шүлэг бүтээлийг "Тасархайн бууцны шүлгүүд" хэмээн нэр хайрлан өлгийдөж, номон суварга босгодог уламжлалыг бид бий болгоод байгаа.

 -Та өөрийн нүүр номоор Явуугийн хишиг эзэндээ л очдог” гэж мэдээлэл постолжээ. Тодруулбал?

-“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын эхний шалгаруулалтад 80 гаруй бүтээл ирүүлснээс шалгарсан 36 яруу найрагчийн 12 нь Завханых байв. Эдгээр 12 найрагч Явуугийн нутгаас яруу найрагчид төрсөөр байгаагийн нэгэн бахархалыг харуулж байсан. Их найрагчдаа зориулж номоо өлгийдөж, наадмаа зорьж бүтээлээ ирүүлж, нилээдгүй хугацаанаас ярин ярьсаар сэтгэлийн угаас нутгаадаа яарсан зохиолчид нь Завханых. Завханы зохиолчид их найрагчийнхаа ойд ийн хүндэтгэлтэй бөгөөд ухаантай хандсанд бид талархаж байна. Өмнөх наадмуудын шагналын тоосонд дарагдаад хоцордог нь мөнөө л Завханы зохиолчид. Тэр үеийн өрсөлдөгч нар ч лунзгар амьдат байсан. Гэвч нутгийн найрагчид маань наадмаа орхиогүй, улам олуул болсоор ийн наадсан хэрэг. Ямар ч түүх, ямар ч салбар үе үеээ даган өнгө төрхөө олдог жамаар энэ удаагийн наадамд өнөө цагийн хүлээн зөвшөөрөгдсөн найрагчид тоосоо өргөж, шилдэг 10-ын дөрөв нь Завханы найрагч шалгарсан нь их найрагч маань нутгийн зохиолчиддоо харамгүй хишгээ хүртээсэн хэрэг юм. Ухамсарлан ойлгоход Монголын утга зохиолын өмнө нэр төртэй явж гэмээнэ бид их найрагчаараа овоглох эрхтэй.  Очирваанийн их эгшиглэн”-гээ дааж явах үүднээс хамгийн шударга шалгаруулалт, шүүлтийг удирдлагынхаа түвшинд ч, шүүгчдийнхээ түвшинд ч зохион байгуулалтын гол асуудал болгон анхаарч ирсэнийг өмнөх наадмуудаас төрсөн хутагтын хишигт найрагчид бэлхнээ харуулдаг юм шүү дээ. 

Энэ дашрамд яруу найрагчдыг хутагт хувилгаадынхаа энтэй оюунлаг, бурханлаг, гэгээлэг хүмүүс хэмээн хүндэтгэн хандаж, утга зохиолд элэгтэй ирсэн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхандаа талархал илэрхийлж байна. Тиймээс ч манай аймгийн Засаг дарга Д.Батсайхан: -Хэн азтай, онгодтой, хийморьтой нь Явуугийн хишгийг хүртдэг” хэмээн наадам эхлэхийн өмнө хэлээд, шударга шүүхийг шүүгчдээс хүссэн. Мэдээж асар хүнд ачааг нуруундаа үүрсэн шүүгчид /өчүүхэн надаас бусад нь нэр хүндээ дархалсан бичгийн болоод оюуны хүмүүс/ замын дунд ачаагаа унагачихгүйн тулд шалдар булдархан юманд сатааралгүйгээр мэргэн оюунаа чилээж “Хутагтын хишигт”-нүүдийг тодруулж, ар, өвөр гэлтгүй цогт найрагчидаа хайрлан буцаасан билээ. Энэ л агшинг Завханчуудын бахархал, их утга зохиолын нэр хүнд, их Явуугийн хүндлэл хэмээн харах тул “Их Явуугийн хишиг хүрэх эзэндээ л очдог” гэдгийг онцлон хэлье. Монголын утга зохиолыг төлөөлж, бидний санасан бодсоныг хуваалцаж, их Явууг хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрдэмт зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч, энэ цагийн хамгийн тунгалаг сэтгэлтнүүддээ онгодын хур, орчлонгийн гэгээ бүхнийг Утга зохиолын нэгдлийн хамт олныхоо нэрийн өмнөөс хүсэж байна.

-Очирваанийн их эгшиглэн наадмын шагналын билэгдэл утга учрыг тайлбарлаж өгөөч?

нэ жилийн “Очирваанийн их эгшиглэн” наадмын “Хутагтын хишигт” яруу найрагчийн шагнал нь чулуун суурьтай, 9 үе суварга дээр Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлгийн мөр бүхий дэлгэсэн ном, номын дээд талд орой биеийг нь цул мөнгөөр цутгасан Очирваань хайрханы дүр бүхий бүхэлдээ суварга хэлбэртэй гуулин цом, хонины арьсан дээр үг, өгүүлбэр урласан өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагналаас бүрдсэн байгаа. Цомны учир утга нь гэвэл Монголчуудын оюун санааны дотоод их нууцын эзэд болсон Завхан нутгаас төрөн гарсан хутагт хувилгаадаа дуурсган ерөөл оршоох, яруу найрагчийн оюуны бүтээл оройд залрам үнэт байхын билэгдлийг агуулж 9 үе суваргаар эхлүүлсэн. Мөн оюуны бүтээлийг үнэ цэнэтэй байлгах, яруу найргаар байгаль-хүн хоорондын нандин холбоо, хүмүүний сэтгэлийг ариусган тунгалагшуулах учир шалтгааныг илэрхийлж дэлгэсэн номыг байрлуулсан байгаа. Монгол түмний язгуур шүтээн Очирваань хайрханаа оюун санаагаар баясган цэнгүүлж, яруу найрагчийг шүтээн хайрханыхаа ивээл буянд багтаах билэгдлийг агуулж Очирваань хайрханаа орой хэсэгт нь залсан загвартай. Дэлгэсэн номон дотор их найрагчийн алдарт шүлгийн мөрүүдийг урласан нь эх монгол хэлнийхээ яруу баялаг өв санг дээдэлж, их найрагчийнхаа шавхагдашгүй үнэт бүтээлийг мөнхжүүлэн хадгалж, түүний үйл хэрэг үргэлжилж байх билэгдлийг агуулсан юм. Түүнчлэн дөрвөн талаас нь харахад бүхэлдээ суварга хэлбэртэйгээр бүтээсэн нь гүн сэтгэлгээ, бодь сэтгэл, газар тэнгэрийн дунд оюун санаа мөнх ариун байхыг бурханчлан эрхэмлэх, оюун санаа дараа дараагийн цаг үедээ улам тунгалагшин тасралтгүй дэвжиж, яруу найраг мандан бадарч байхыг агуулсан утгыг багтаасан юм.

-Их Явуугийн ойн үеэр танай Утга зохиолын нэгдлийнхэнд шагналын хур бууж байсан. Ямар хүмүүс шагнал авав?

 

-Тэгэлгүй яахав. Яруу найрагт дуртай, хайртай түүний төлөө эвлэлдэн нэгдэж өдийг хүртэл ажиллаж буй нэгдлийнхээ гишүүдэд үргэлж талархаж явдаг аа. Тиймээс ч Явуугийн их ой бидний баярын баяр боллоо гэж хэлмээр байна. Бүх цагийн турш хамтдаа байж, хажуугаас минь дэмнэж, дэргэдээс минь тулж Завханы Утга зохиолын нэгдлийн энэ цагийн түүхийг бичилцэж яваа халуун ам бүлд минь урам хайрлан, итгэл үзүүлсэн явдал бидний баярын баяр байлаа. Нутгийн зохиолчид руугаа мэлмийгээ чиглүүлсэн аймгийн удирдлагууд, МЗЭ-ийн удирдлага, хамт олонд халуун талархал илэрхийлье. 10 жил энэ хамт олон дунд амьдрахдаа нэг ч удаа шагнал, урамшуулал гуйж яваагүйн хэрэг өөрөө бүтэв ээ. Явуугийнхаа 90 жилийн ойгоор манай хамт олноос МЗЭ-ийн шагналт зохиолч нэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч хоёр, МЗЭ-ийн гишүүн хоёр төрлөө. Эгшиглэнт Дорнын үргэлжлэл болсон эгэлхэн та бүхнийхээ хайр хүндэтгэлийн өмнө мэхийж явдаг шүү гэж энэ дашрамд дуулгая.

-Энэ удаагийн наадмын хутагтын хишигт найрагчдын шагналыг ивээн тэтгэгчдээ алдаршуулсан байгаа. Тодруулбал?

-Тиймээ уламжлал ёсоор наадмын үеэр "Хутагтын хишигт" яруу найрагчдын шагналыг ивээн тэтгэсэн байгууллага, хувь хүнд "Хутагтын хишигтэн" цол шагнал олгодог байгаа. Тухайлбал Милово богд, Цагаан Дарь -Эхийн хувилгааны шагналыг "Андиа сан"-аас, Буурал багшийн хувилгааны шагналыг "Дэчинравжаалин хийд"-ийн хамба лам Ц.Хүрэлцэнд, Алт, мөнгөн тамгат хамба гэгээний шагналыг "Шинэ Ази " группын захирал Л.Төрбаяр, Арь гэгээний шагналыг "Эл Си Би ХХК "-ны захирал Я.Дашдорж, Ар халхын алт, мөнгөн тамгат Ялгуулсан хутагтын шагналыг Ялгуусан ХХК- ны захирал Л.Санжаадорж, Халхын 88 шидэт НароБанчэны шагналыг "Хөргөлт сервис ХХК "-ны захирал Л.Даваасүрэн, Дилов Хутагтын шагналыг Алтан булаг трейд" ХХК- ны захирал Г.Аюушжав, Жалханз хутагтын шагналыг УИХ -ын гишүүн, УИХ -ын дэд дарга Я.Санжмятав нар ивээн тэтгэж "Очирваанийн Их эгшиглэн" яруу найргийн наадмын "Хутагтын хишигтэн"-үүдээр тодорсон байгаа.  Дорно дахины нэрт яруу найрагч, уянгын дууч их хүмүүнээ дуурсган, түүний алдар суу, авьяас тэнгэрийн дор утга соёлоо хүндэтгэн чуулсан зочид төлөөлөгчид, зохиолч яруу найрагчид болон, ойг зохион байгуулахад сэтгэлийн чинадаас оролцсон бүх хүнд Завхан нутгийн оюунлаг түмэн олны нэрийн өмнөөс халуун баяр, талархлаа илэрхийлж байна. Их найрагчийн суу алдар, бүтээл туурвил мөнх, эх яруу тансаг Монгол хэл минь ариун байг. Оюун, сэтгэлийн эрчимлэг хүрэн бууц, Отгонтэнгэрийн орноо "Очирваанийн их эгшиглэн"-гээр олон олон уулзахын ерөөл орштугай.

Холбоотой мэдээ