Телевизүүдийг улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас 2016 онд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын
сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Манай улсын хувьд өргөн
нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны
тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа ч технологийн
хөгжлөө дагаад тавигдах шаардлага өөрчлөгдөж байгааг ЗГХЭГ-ын дарга
Л.Оюун-Эрдэнэ онцолсон.
УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан ч,
уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах,
ажиллах зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг
тодорхойлоход чиглэсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа
явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай
зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8,
олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ
эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ
эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл
эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа
болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч
илтгэлдээ дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн
үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан
радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдэх
юм. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө
оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Түүнчлэн
радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар
сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, сэтгүүлч болон
редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг
бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна хэмээн үзэж буй юм.
125 сая хүн амтай Япон улс үндэсний хэмжээний 6 телевизтэй байхад 3 сая хүн
амтай Монголд 142 телевиз ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн
төслийн хэлэлцүүлгийн үеэр онцлов. Дээрх хуулийн төсөл эдгээр телевизийн ард
түмэнд хүргэж буй нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад чиглэж байгааг
дурдлаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийг баталснаар телевизүүдийн
тоо буурах эсэхийг тодрууллаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Шууд телевизүүдийн тоог
цөөлөхгүй. Гэхдээ чанартай нэвтрүүлгийг дэмжих бодлого баримтлаад эхлэх үед
чанаргүй нэвтрүүлэг хийж буй телевизүүд зах зээлийн зарчмаар хасагдаж эхэлнэ”
хэмээн хариулав.
Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын гишүүд хуулийн төслийг
дэмжиж буйгаа илэрхийлэв. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн
70.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.