Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-11 12:52:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хилээр 23 кг дэрвэгэр жиргэрүү гаргахыг завдсан галт тэрэгний үйлчлэгчийг Замын-Үүд дэх өргөн төмөр замын гаалийн ажилчид өчигдөр илрүүлжээ. 


Сэжигтэн нь Улаанбаатар - Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний үйлчлэгч байсан бөгөөд 22 боодол дэрвэгэр жиргэрүүг өөрийн хариуцсан галт тэрэгний бохир цагаан хэрэглэл болон ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт хуваан нуусан байжээ. 


Гаалийн байгууллага хэргийг харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. 


БОАЖ-ын сайдын тушаалаар, дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг ноднингийн нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаагаар хориглосон билээ. Энэ ургамал Монгол Улсын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан тул устах аюулд орохоос нь урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг нь хамгаалах зэрэг экологийн шаардлагыг харгалзан эл шийдвэрийг гаргажээ. 


Энэ ургамлын үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог тул БНХАУ, БНСУ-д эрэлттэй байдаг юм байна. Мөн энэхүү ургамал ганд тэсвэртэй тул цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй байдаг аж.

Холбоотой мэдээ