Буянт гол дагуу зусланд гарч буй айл өрх жилд нэг удаа хураамж төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-11 12:15:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, Засаг даргын захирамжаар Буянт голын сав дагуу газарт зусланд гарсан мал бүхий иргэд, айл өрх дагаж мөрдөх журам баталж хэрэгжүүлж байна.

Байгаль орчин, тэр дундаа Буянт голын ай сав дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг бий болгох, усны эх үүсвэрийг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөөц нь хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлыг сайжруулахад энэхүү журмын зорилго чиглэж байна. Тус журамд голын дагуу айл өрх, мал бүхий иргэд зусланд түр буух газрын хил хязгаар, байршил, зөвшөөрөх болон хориглох зүйлс, төлбөр хураамжийг тусгасан байна.

Буянт голын эрэг дагуу зусланд гарч буй айл өрх бүр дараах хураамжийг жилд нэг удаа төлнө. Тодруулбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл өрх 5000 төгрөг, энгийн айл өрх 10 мянга, бог малтай айл өрх 20 мянга, бод малтай айл өрх 30 мянга, гүү саадаг айл өрх 40 мянган төгрөгийн хураамж төлөх юм.  

Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд 1500 айл өрх, 5000 орчим хүүхэд зусланд гардаг гэсэн судалгаа бий. Одоогийн байдлаар Буянт гол дагуу 200 гаруй айл өрх зусланд гарчээ.

Үүнээс 22 айл өрх нийт 195 мянган тѳгрѳгийн хураамж ѳгсѳн байна. Зуслангийн бүх айл хураамжаа жигд өгсөнөөр стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар барих, тогтмол хог ачих, тээвэрлэх ажлыг эхлүүлж, зусландаа цэвэр цэмцгэр амьдрахад зарцуулах юм. Мөн энэ зуны турш нисдэг камер ашиглан орчны бохирдол, хамгаалалтад хяналт тавина. Хэрэв хураамжийг төлөөгүй тохиолдолд  5 дахин нэмэгдүүлж авах тухай иргэдэд анхаарууллаа.

Ховд аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд болон байгаль орчны байцаагч нар Буянт гол дагуу зусаж байгаа айл өрхийн орчны бохирдолтын байдал, хогийн цэг, жорлон зэрэгт хяналт тавьж, байгаль орчны салбарын холбогдох  хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөхийг уриалан ажиллаж байна.  

Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд хэлэхдээ, Буянт гол дагуу зусланд гарсан хүүхдүүд ая тухтай, хоггүй цэвэр орчинд амьдрах, амрах эрхтэй. Хүүхдийн энэ эрхийг томчууд үлгэрлэх ёстой. Яаж гэвэл, хогоо голын зүлгэн дээр бүү хаяарай. Ус руу шил, ундааны сав хаяхгүй бол тэр таны эерэг оролцоо. Мөн голын усанд хог хаяж байгаа иргэнд шаардлага тавьж байвал бас л нэг томоохон оролцооны  хэлбэр юм. Хамтдаа хэрэгжүүлье гэв.

Сүүлийн жилүүдэд аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд болон зусланд гарсан айлууд хог хаягдлаа голын дагуу хаяж усыг бохирдуулж байна. Түүнчлэн зусланд гарсан айлуудын жорлон, бохирын цооног хамгаалалтын бүсэд байгаа нь газрын доорх усаар дамжин голын усыг бохирдуулах нөхцөл үүсэж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. 



Холбоотой мэдээ