Д.Трампыг БНСУ-д айлчлахад М.Помпео дагалдан явна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-11 11:46:37

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг БНСУ-д айлчлахад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дагалдан явна гэж тус улсын Төрийн департаментаас даваа гарагт мэдээлжээ.


Д.Трамп Японы Осака хотноо зургадугаар сарын 28, 29-нд зохион байгуулах “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийхээр Сөүл хотод айлчлах юм. Уг айлчлалын товын талаар олон нийтэд хараахан мэдээлээгүй байна.


“Хоёр орны удирдагчид АНУ-БНСУ-ын харилцаа холбоог бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус мэдээлжээ.


“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох Д.Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нарын уулзалтад мөн М.Помпео оролцох бөгөөд талууд БНАСАУ-ын асуудал болон АНУ-Япон-БНСУ-ын гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх ажээ. 


Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ. АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг М.Ортагус онцолсон байна

Холбоотой мэдээ