Малчид “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл”-тэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-11 10:06:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төсөл, Говь-Алтай аймгийн "Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг", тус аймгийн зорилтот сумд болох Цогт, Чандмань, Эрдэнэ сумын ЗДТГ-тай хамтран “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав.

Уг зөвлөгөөнөөр төслийн үйл ажиллагаа болон бэлчээр хариуцлагажуулах журмыг малчдад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус уулзалтад малчид маш идэвхтэй оролцон санал бодлоо илэрхийлж, бэлчээрийг хариуцлагажуулах, хамгаалах үйлсэд малчдын оролцоог нэмэгдүүлэх нь чухал, одоо хамгаалж эхлэхгүй бол цаашид улам бүр доройтол үүсч, доройтлыг бууруулахад хожимдох нөхцөл үүсэх талаар онцлон хэлж төслийн үйл ажиллагааг дэмжин, бүхий л талаар хамтран оролцохоо илэрхийлж байлаа. 

Мөн үеэр сумдын “Эко клуб”-ын сурагчид санаачилга гарган сумын нутагт нэн тэргүүнд хашиж хамгаалах шаардлагатай байгаа булаг шандны эхийг хамгаалах ажилд малчид, иргэд, төслийн зүгээс дэмжлэг хүссэн бөгөөд энэхүү ажилд малчид, төрийн байгууллагууд болон иргэд идэвхтэй оролцон сурагчдын санал санаачилгыг дэмжихээ илэрхийлжээ.


Холбоотой мэдээ