МУГТ Г.Шаравжамцын баруун гарын “зэсэн хэв” “Алдрын багана”-д мөнхөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-10 14:54:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Гавъяат тамирчин Г.Нарантунгалагийн хэлсэн “Зорилгоосоо анхаарлаа салгалгүйгээр түүндээ чиглэсэн үйлдлийг байнга хийж хүсэл, мөрөөдлөө амьд байлга” хэмээх үг Урт цагааны гудамжны “Алдрын багана”-д мөнхөрлөө. Мөн Монгол Улсын гавъяат тамирчин Г.Шаравжамцын  баруун гарын хэвийг уг баганад мөнхөллөө.

Үүнийг Улаанбаатар хот дахь Эрдэнэтийн нутгийн зөвлөл санаачилж Урт цагааны гудамжинд Эрдэнэт хотоос төрсөн гавьяатнуудын амжилт, зураг, хэлсэн үгийг нь мөнхөлж, алдаршуулах зорилгоор “Алдрын багана” байгуулж байна.

“Алдрын багана”-ын анхны эздээр дээрх хоёр гавъяат тамирчин тодорч хэлсэн үг, амжилт гаргасан түүхэн үйл явдлын зургийг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибдений судал бүхий боржин чулуугаар бүтээлээ. Гавьяат тамирчин Г.Шаравжамц хэлэхдээ, “Би  1979 оноос хойш  Эрдэнэт хоттой хувь, заяагаа холбож  улмаар Эрдэнэтээрээ овоглосон тамирчин болж их спортод хөл тавьсан. Олон ч амжилт гаргасан. Энэ баганад сагсан бөмбөг тоглоход гол үүрэг гүйцэтгэдэг баруун гарынхаа хэвийг зэсээр урлаж үлдээж байгаадаа баяртай байна” гэлээ.  

“Алдрын багана”-д Эрдэнэт хотоос төрөн гарсан гавьяат, хөдөлмөрийн баатрууд буюу нийт 108 алдартны амжилт түүхийг 50 баганад мөнхлөх юм.  

Холбоотой мэдээ