NASA сансрын жуулчдыг ОУСС руу аялуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-06-09 13:07:18

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Олон улсын сансрын станцыг /ОУСС/ арилжааны зорилгоор ашиглах төлөвлөгөөний хүрээнд 2020 оноос эхлэн тус станц руу сансрын жуулчдыг аялуулахаар болжээ. Нью-Йорк хотод баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр NASA –гийн санхүүгийн газрын дарга Жефф ДеВиттийн мэдээлснээр бол ОУСС руу аялах нэг тасалбар бараг 60 сая ам.долларын үнэтэй байх аж.


NASA агентлаг сансрын жуулчдад 30 хоногоос хэтрэхгүй богино хугацааны аяллыг санал болгож байгаа бөгөөд жилд хоёр удаа Америкийн жолоодлогот хөлгөөр аялуулна.


NASA одоогоор Америкийн сансрын нисэгч тус бүрд 80 орчим сая ам.доллар төлдөг байна. Харин арилжааны нислэгийн хөтөлбөрийн хувьд үнэ үүнээс хямд буюу 58 орчим сая ам.доллар байна гэж Жефф ДеВитт мэдээлжээ. Түүний хэлснээр,  жуулчдыг ОУСС руу аялуулах “Boeing”, “SpaceX” компаниуд эцсийн үнийг тогтоох аж. Үүний зэрэгцээ жуулчид тус станцад байх хугацаандаа нэг хоногийн 35000 орчим ам.долларыг NASA-д төлөх ёстой байна.


Холбоотой мэдээ