Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 51 дүгээр тогтоолд тавьсан хоригийг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-07 18:19:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2019 оны 51 дүгээр тогтоолд тавьсан хоригоо өнөөдөр буцаав. 


Ерөнхийлөгч Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд энэ сарын 4-нд хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр тус хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөлөл оролцуулсан ажлын баг байгуулахаар болсон тул хоригийг буцаахаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгджээ. 


ХОРИГ БУЦААХ ТУХАЙ БИЧИГТ:

Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг зүй ёсоор хөндсөн татварын багц хуульд иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн, засаж залруулбал зохих асуудлууд байгааг Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, мөрдөж эхлэх хугацаанаас нь өмнө тухайн хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах ажлын хэсгийг тал бүрийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллуулах болсонд талархаж байна.


Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь аливаа ашиг сонирхол, хувийн явцуу зорилгоос ангид байж, тухайн хуулиудыг үндэсний эрх ашиг, нийт иргэн аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулна гэдэгт найдаж байгаа тул Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд тавьсан хоригоо буцааж байна.


Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжил, аюулгүй байдалд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан хэрэгжвэл зохихыг анхаарч ажлын хэсгийг үр дүнтэй, шуурхай ажиллуулахыг хүсье” гэжээ.

Холбоотой мэдээ