Төмөр замыг бүтээн байгуулах ажилд 16 төрлийн мэргэжлээр бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-07 14:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулах ажилд иргэдийг бүртгэж байгаа талаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ.

Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оруулж болно гэсэн хуулийн заалтад үндэслэн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын далан барих ажилд зэвсэгт хүчний албан хаагчид хүчин зүтгэж байна. Үүнд нэмэлтээр  шаардлагатай инженер, техникийн  чиглэлийн ажлын байранд иргэдийг  бүртгэхээр болжээ.

Энэ оны тавдугаар сарын 20-ноос эхэлсэн бүтээн байгуулах ажил хоёр жилийн хугацаанд үргэлжлэх юм. Бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын ажлын байранд болно. Бүртгүүлэх хүмүүст нас заагаагүй бөгөөд тухайн мэргэжлийн боловсролын гэрчилгээ, диплом, багаар ажиллах болон эрүүл мэндийн хувьд ачаалал даах чадвартай, элдэв гаж зуршилгүй байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой аж.

ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь, “Монгол Улсын зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн түүхэн уламжлалтай. Тухайлбал, бид энэ оноос  Халх гол сумыг шинэ сум болгох төслийн хүрээнд сургууль, дотуур байр болон бусад барилгын ажилд оролцож байна. Мөн өнгөрсөн оноос эхэлсэн Сайншандад барьж байгаа газрын тос тээвэрлэх хүнд даацын төмөр зам барих ажил 71 хувийн гүйцэтгэлтэй,  энэ оны 9 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгнө. Энэ удаагийн 414.6 км төмөр замын далан барих ажилд зайлшгүй шаардлагатай том оврын тээврийн жолооч, индүүчин, бульдозерчин зэрэг ажлын байр шинээр бий болж байгаа тул шаардлага хангасан иргэдийг бүртгэж ажиллуулна” гэв. 

Мөн тэрбээр бүтээн байгуулалт дууссаны дараа гэрээгээр ажилласан иргэдээс мэргэжлийн ур чадвар сайтай, сахилга баттай цаашид Монгол Улсын зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой иргэдийг насны шаардлага хангасан тохиолдолд офицер ахлагчаар ажиллах боломжтой гэдгийг онцоллоо.

Иргэдийг инженерийн мэргэжлээр авто зам, гүүр хоолой, тоо хэмжээ, геодези, хэмжилт, материал чанар, лаборант /хөрсний/, техникийн мэргэжлээр том оврын автомашины жолооч, бульдозерчин, автогрейдерчин, индүүчин, усны машин, шанагат ачигч, өөрөө буулгагч, трайллерийн жолооч, кранчин, эксваторчин гэсэн 16 ажлын байранд бүртгэж байна.

М.Батчимэг

Холбоотой мэдээ