Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-07 12:00:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарсан үед шуурхай ажиллах үүрэг бүхий  тусгай баг ажиллаж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан\WWF\-гаас орон нутагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зарим шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Тодруулбал, анхан шатны хэргийн бүрдүүлэлтэд хэрэг болох байршил тодорхойлогч, зургийн аппарат, хэргийн газраас авсан эд мөрийн баримт, хэрэгт нотлох баримтын шинж чанартай хураан авсан амьтан, ургамлын гаралтай зүйлийг хадгалах хөргүүр, шуурхай багийн гишүүдийн ажиллах нөхцөлд дэм болох майхан, аяны хөнжил, зөөврийн компьютер зэрэг тоног төхөөрөмж  хүлээлгэн өгчээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарсан үед шуурхай ажиллах багийн ахлагчаар  Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяа ажиллаж байна. Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үед Ховд аймагт ховор болон нэн ховор амьтдыг хууль бусаар агнах явдал нэлээд гарч байгаа. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд тус тоног төхөөрөмжийн дэмжлэг сайнаар нөлөөлөх ба бодит, эерэг үр дүн гаргахад анхаарч ажиллана гэлээ.

Ховд аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 хэргээр өссөн үзүүлэлттэй байна. Үүний хор уршгаар байгаль экологид нийт 28 сая төгрөгийн хохирол учирч, 47,3 хувь буюу 13 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байдаг.

Хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хяналтын байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм. Энэ ч утгаараа аймгийн Цагдаагийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сан \WWF\ орон нутгийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй хамтран тэмцэж, уялдаа холбоотой ажиллаж байна.


  

Холбоотой мэдээ