Бүсгүйчүүд сургалтад хамрагдсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-05 09:44:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-өөс иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны нийт 20 эмэгтэйг “Зүймэл оёдлоор гар урлалын бүтээгдэхүүн хийх” сургалтад хамруулав. 

Тус сургалтыг “Шинэ замнал" төрийн бус байгууллагатай хамтран хийж амьтны чихмэлээр чимэглэл болон түлхүүрийн оосор, орон нутгийн онцлогийг харуулсан зураг бүхий эко тор, гоо сайхны сав, ханын чимэглэл хийх аргыг зааж, өөрсдөө тус бүтээгдэхүүнийг биечлэн хийж сурчээ. Хаягдал даавуу, торгоны өөдсийг ашиглан гэр ахуйн төрөл бүрийн хэрэгсэл хийхээс гадна энэ оёдлын төрлөөр бэлэг дурсгалын болон орон нутгийнхаа онцлогийг тусгасан төрөл бүрийн гар урлалын бүтээгдэхүүн хийж, ашиглах боломжтой юм байна гэдгийг суралцагчид хэлж байв.

Мөн шинэ дээл хувцас хийхэд гарсан хаягдал өөдсийг ихэнхдээ галд шатаах, дэрний уутанд хийж ашигладаг байсан бол гэртээ төрөл бүрийн дэр, бүтээлэг, аравч, сандлын зөөлөвч хийж гэрийнхээ өнгө үзэмжийг нэмэх, цүнх, түрийвч, тор, модны чимэглэл, түлхүүрийн оосор, ханын зүймэл даавуун зураг гэх мэт олон бүтээгдэхүүнийг хийж худалдан өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэх боломжтой болжээ. 


Холбоотой мэдээ