Монголын инженер далай дээгүүр 30 км гүүр барих ажилд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-04 18:20:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бруней Улсад далай дээгүүр барьж буй 30 км гүүрийн барилгын ажилд залуу инженер О.Ергулан геодезийн хяналтын ерөнхий инженерээр ажиллаж байна.

Тус гүүр нь нийслэл Бандер Сери Бегаваныг Тембуронг дүүрэгтэй холбох бөгөөд барилгын ажил нь 2015 оноос үргэлжилж байгаа аж.

"Гүүрийн ажил 2015 онд эхэлсэн. БНСУ-ын "Daelim", БНХАУ-ын "China state construction engineering corporation" компаниуд гүйцэтгэж байна. Миний хувьд Хятадын компанийн урилгаар 2018 оноос ажиллаж байна. Тус байгууламж энэ оны сүүлчээр ашиглалтад орно" хэмээн тэрээр хэллээ.

О.Ергуланы хувьд 2011 онд Өлгий сумын Бастама бүрэн дунд сургуулийг, 2015 онд БНХАУ-ын Чиндао хот дахь Чандуны шинжлэх ухаан, техникийн их сургуулийг геодези мэргэжлээр төгсжээ. Улмаар “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-д ажиллаж, өнгөрсөн жилээс Бруней улсад ирсэн ажээ.

"Залуу хүн болгонд том мөрөөдөл байдаг. Харин тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд урагшаа тэмүүлж, өдөр болгон бага багаар ч гэсэн хөдөлмөрлөж байх ёстой. Ирээдүйд манай улсын нийгэмд байгаа авлига, хээл хахууль, хүнд суртал зэрэг муу муухай бүхэн арилж, залуус бидэнд илүү их боломжтой ажиллах орчин бүрдэнэ гэдэгт итгэж явдаг. Мэргэжлээ дээшлүүлэх, гадаад инженерүүдийн арвин туршлагаас суралцах, хятад, англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор энд ирсэн. Хэдэн жилийн дараа нутаг буцаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх болно" гэдгийг залуу инженер хэлж байна.

Холбоотой мэдээ