Хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангаагүй зөрчил их байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа
холбооны үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгасан талаар
өнөөдөр ШӨХТГ-аас мэдээллээ.
ШӨХТГ-аас үүрэн телефоны “Мобиком компани, худалдаа, үйлчилгээтэй холбоотойгоор “BSB” дэлгүүр болон “Univision” компанийг шалгасан талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам таницууллаа. Тэрээр, “Дээрх компаниудад хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй нийтлэг зөрчил дутагдал гарч байна” гэв.
Тухайлбал, “Мобиком
компани хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн бодит, зөв мэдээллийг өгөөгүйгээс гадна
хэрэглэгчийн эрхийг дордуулсан гэрээ хийсэн, мөн үйлчилгээний багцын мэдээллээ тодорхой мэдээлээгүйг илрүүлж, хуулийн дагуу 20
сая төгрөгөөр торгосон байна.
“BSB” электрон барааны дэлгүүрүүдэд гардаг гол зөрчил нь бараа, бүтээгдэхүүний хэрэглэх заавраа монгол хэлээр бичиж хүргэдэггүй байна .Үүнээс болоод хэрэглэгч иргэд хэрэглээний талаар тодорхой мэддэггүйн улмаас хохирдог гэв.
Шинээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд баталгаат хугацаанд гэмтэл гарсан нөхцөлд хохирлоо барагдуулж төлүүлье гэхээр “Гадны нөлөөтэй байна” гэсэн хариуг голцуу өгдөг аж. Тиймээс Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн болон хэрэглэгчдийг үнэн бодитой мэдээллээр хангаагүй гэдгээр Зөрчлийн хуулийн дагуу тус компанийг мөн торгосныг улсын байцаагч Н.Мөнцэцэг танилцуулав.
“Univision” компанийг ч мөн адил бүтээгдэхүүн
үйлчилгээний үнийн талаар мөн хэрэглэгчиддээ
үнэн зөв мэдээлэл өгч ажиллаагүй гэдгээр таван сая төгрөгөөр торгожээ. Тус компани үйлчилгээний тарифаа өөрчлөх бүрт энэ талаар
тогмол мэдээлдэггүй байна. “Энэ бүхнийг танилцуулж байгаа нь бусад үүрэн
телефоны оператор компаниуд
үйлчилгээндээ дээрх зөрчлүүдийг гаргахгүй
байх”-ыг зөвлөж, иргэд хэрэглэгчдэд
үйлчилж байгаа нөхцөлд хүн нэг бүрт хүрсэн үйлчилгээг явуулах хэрэгтэй байна” гэсэн сануулгыг ШӨХТГ-аас өглөө.
Б.Халиун
Гэрэл зургийг Н.Батбаяр