Ж.Батбаясгалан: Нийслэлээс гадныханд 50 га газар өгөх үүрэг өгөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-03 16:16:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нэгэн компанид хотоос 50 га газар олгосон гэж олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийг өнөөдөр нийслэлийн удирдлагаас няцаав.

Дээрх мэдээлэл нь ташаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдэгдээд, “Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил хэрэгжүүлэхээр болсон. Түүний нэг нь Тяньжин хотын захиргаатай хамтран хийж болох ажлын талаар судалгаа хийж, санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд, дотоодын хэрэгцээг хангах, хүнс, ХАА-н чиглэлээр хамтран ажиллахыг зарим яамны сайд болон нийслэлд үүрэг болгосон”-ыг дуулгав.


Тэрээр, өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд Тяньжин хоттой хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилго бүхий 10 бүтээлч ажлын хүрээнд, Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах боломжийг судалж, Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ташаа мэдээлэл гарч байх шиг байна. Түүнээс биш нийслэлээс гадаад, дотоодын аль нэг байгууллага, ААН-д 50 га газар өгөх үүрэг өгөөгүй, газар олгох шийдвэр огт гараагүйг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм. 

Мэдээлэл хийхэд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаас гадна Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн ХХАА-н газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар байв.

Холбоотой мэдээ