Цэргийн албанд 260 орчим залуус эрүүл мэндээр тэнцээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-31 16:48:22

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалт болж Улиастай суманд 60 хүн хамрагджээ.

Сургалтад оролцогчид 2018, 2019 онд цэргийн дүйцүүлэх албанд орсон иргэд бөгөөд цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалт заажээ. Мөн 2017 онд дүйцүүлэх албанд орсон иргэдтэй байгуулсан гэрээг дүгнэж ажлын цаг, хоног хугацаа дууссан иргэдийн гэрээг дуусгавар болгож, хувийн хэргийг хураан авч, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийж гардуулан өглөө. Түүнчлэн дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг мөн Сонгино суманд Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбарыг түшиглэн явуулж 30 хүнийг гурван мэргэжлээр сургаад байна хэмээн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.

Дашрамд дуулгахад, Цэргийн штабаас 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг 24 суманд зохион байгуулж эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн иргэдийг цэргийн албанд тэнцүүлэн татаж Зэвсэгт хүчний болон Хилийн анги салбаруудад хуваарилжээ. Энэ удаагийн цэрэг татлагын комиссоор орсон иргэдээс эрүүл мэндээр 260 орчим залуус тэнцээгүй ажээ. Эрүүл мэндээрээ тэнцээгүй иргэдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийг сумын цэрэг татлагын товчоо, сумын Эрүүл мэндийн төвүүдэд өгч хамтран ажиллажээ. 

Холбоотой мэдээ