Л.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-29 13:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.


Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийн шалтгаан болсон. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд бодож шийдвэрлэх шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, “2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн урт талын оюутны талбайг Улаанбаатар хотын банканд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олгох асуудлыг цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргахаар боллоо. Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд НЗДТГ-ын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэнэ” хэмээв.


Энэ үеэр, БНХАУ-ын аж ахуйн нэгжид хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 50 га газар олгох асуудал үнэн эсэхийг тодруулахад, “Тийм зүйл байхгүй. БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд энэ асуудлаар ХААИС-ийн удирдлагатай уулзаж санал солилцож байсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалттай газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгосон” хэмээн хариулав. 

Холбоотой мэдээ