Монгол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж буй улс орны нэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд” IV хуралдаанаар үргэлжиллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх энэхүү хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан даргалав.
Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, нүүрстөрөгч бага ялгаруулах үйлдвэрлэлд шилжихийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ дахь Зүүн хойд Ази, Дэлхийн боловсрол, сургалтын институтийн хөтөлбөр зохицуулагч Ана Кристина Торланд илтгэлдээ дурдлаа.
Сүүлийн жилүүдэд улс орнууд гамшгийн эрсдэлийг тодорхойлох, үр ашигтай менежмент хэрэгжүүлэхэд анхаарах болсныг онцлоод, "Аливаа гамшиг эрсдэл нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний уршиг дагуулдаг. Тэр тусмаа суурин газруудад, чанаргүй барилгуудаас үүдэн учирч болох сөрөг үр дагавар огцом нэмэгддэг. Тиймээс иргэддээ гамшгийн эрсдэлийн талаар мэдээлэл, таниулга, сурталчилгааг хүртээмжтэй түгээх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгийн эрсдэл, түүнээс хамгаалах агуулгыг багтаах нь чухал. Суурин газруудад бага хэмжээний гамшигт үзэгдэл болж, иргэдийн амьдралд учруулсан уршиг нь урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг" гэлээ.
Сүүлийн жилүүдэд гамшгийн давтамж ихсэж байгаа бөгөөд үүний шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа. Тухайлбал, Вьетнам Улсад хар салхи улирлын байдалтай, тодорхой мөчлөгтэй болдог байсан бол сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн таамаглах боломжгүйд хүрээд байгаа аж. Ийм асуудал улс орон бүрт нийтлэг байгаа учраас иргэдийг хаана суурьшуулах, тухайн орон нутагт учирч болох гамшгийн эрсдэлийг тодорхойлох, барилга байгууламжийн чанар, стандартдаа анхаарах шаардлага бий гэдгийг илтгэгч тэмдэглэж байлаа.
Гамшгийн улмаас сар бүр 1270 хүн амь эрсэддэг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд 2018 онд гаргажээ. Аливаа гамшгаас үүдэж буй хор хохирлын 70 хувь нь тухайн байгалийн үзэгдлээс үүдэлтэй байдаг бол, үлдсэн нь улс орны гамшгаас сэргийлэх бодлогоос хамааралтай гэж үздэг байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гамшигт үзэгдлийн эрсдэл ихсэж байгаа бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж буй улс орны тоонд ордог байна.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Дэлхийн байгаль орчны стратегийн институтийн судалгааны менежер Со-Ён Лий уур амьсгалын өөрчлөлт нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаарх илтгэлээ танилцуулсан юм.
Тэрбээр, "Хүлэмжийн хийн ялгарал бол уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан. Иймд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатай. Хамгийн наад захын боломж бол нийтийн тээврийн нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга тэргүүтэй хорт бодисын ялгарлыг багасгах технологи нэвтрүүлэх юм. Монгол Улсын хувьд, Улаанбаатар хотын уурын зуухуудын технологийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр Япон Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газраас хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа" хэмээн жишээ татав.
Илтгэлүүдийн дараа төлөөлөгч нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон гамшгийн эрсдэлийг бууруулах талаар туршлага, мэдээлэл солилцов. Түүнчлэн ногоон эдийн засагт шилжихэд парламентуудын үүрэг, оролцооны талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, БНСУ-ын парламентын төлөөлөгчид цөмийн үйлдвэрлэлийн талаарх өөрийн орны туршлага, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулж буй хувь нэмрийн талаар нийт оролцогчдод танилцуулсан юм. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад улс орнууд дангаараа тэмцэхээс гадна бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдгийг БНСУ-ын парламентын төлөөлөгчид тэмдэглэж байв.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, туршлагаас хуваалцсанаар IV хуралдаан дууслаа.
Чуулган “Парламентын үүрэг, оролцоо”, “эрүүл мэнд”, “уур амьсгалын өөрчлөлт” болон бусад асуудлаарх дугуй ширээний хэлэлцүүлгээр үргэлжилнэ.