М.Цукербергийг Канадын парламентад урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-28 11:24:07

ОТТАВА. /CBC/. Фэйсбүүкийн тэргүүн Марк Цукерберг, тус компанийн гүйцэтгэх захирал Шерил Сэндберг нарыг Канадын парламентын нууцлал, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны хуралдаанд урьжээ. Интернет дэх мэдээллийг хадгалах аюулгүй байдал, нууцлалын асуудлыг тус хуралдааны үеэр хэлэлцэх аж.


Ирэх лхагва гараг хүртэл үргэлжлэх уг хуралдаанд Канадын парламентын гишүүд  Facebook, Twitter, Google зэрэг компанийн мэргэжилтэн, шинжээчдийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа аж.


"М. Цукерберг, Ш.Сэндберг нар бидний урилгыг үл тоомсорловол Канадын үндэсний парламентад хүндлэл үзүүлэхгүй байна гэж ойлгох бөгөөд парламентыг хүндлэхгүй байна гэдэг нь Канадад гэмт хэрэг юм" хэмээн Консерватив намын депутат бөгөөд Парламентын нууцлал, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Боб Циммер мэдэгджээ.


М.Цукерберг өнгөрсөн онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны асуудал эрхэлсэн хороонд болсон сонсголын үеэр үг хэлж, хувийн мэдээллийг хамгаалах талаарх хууль тогтоогчдын тавьсан асуултад хариулсан юм. 

Холбоотой мэдээ